Ноосны урамшуулалд шаардагдах хөрөнгийн дутууг зохицуулна
“Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулах олгох тухай” журмаар гурав дах жилдээ ноосны урамшуулал олгох ажлыг зохион байгуулж байна.
Энэ оны байдлаар 21 аймгийн 332 сум, нийслэлийн 6 дүүргийн нийт 124 мянган малчин, мал бүхий иргэний бэлтгэж, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 189 үйлдвэрт тушаасан 18.4 мянган тн ноосны урамшуулалд 36,8 тэрбум төгрөг олгох тооцоо гарчээ. Гэвч 2013 оны Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын төсвийн багцад ноосны урамшуулалд 25 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд ноосны кг тутамд урамшуулал олгоход 11.8 тэрбум төгрөгийн санхүүжилт дутагдалтай байна. Дээрх асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд шаардагдах хөрөнгийн дутууг зохицуулах талаар хуралдаан дээр Засгийн газрын гишүүдийн гаргасан саналын дагуу холбогдох арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.
Ноосны урамшуулал олгож эхэлснээр үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн хомсдлоос бүрэн гарч, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн тасралтгүй явагдах боломжтой болсны зэрэгцээ ноос бэлтгэлийн чанарт анхаардаг болсноор ноосон түүхий эдийн ашиглалт нэмэгдэж эхэлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ