Монгол цэргүүдийн нэр хүнд бусдаас өндөрт байдаг

Ахлах дэслэгч Д.Мэндбаяр: Эх орныхоо үнэ цэнийг харийн нутагт илүү мэдэрлээ
-Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн баяр хүргэе. Сэтгүүлчийн нүдээр харахад тэнд байдал ямар байна вэ?
-Миний хувьд энхийг сахиулах нэр хүндтэй ажиллагаанд оролцсондоо маш их баяртай байна. Хамгийн гол нь сэтгүүлчдийн эгнээнээс энэ үйлсэд оролцсондоо их баяртай байгаа. Тэнд очиход маш бүгчим, халуун уур амьсгалтай орчин угтсан. Монгол хүн дасан зохицох чадвар сайтай чанараараа цаг агаарын өөрчлөлтөд бид хурдан дасан зохицсон. Тэнд мэдэхгүй зүйл их байсан ч удирдлагуудынхаа заавар, туслалцаа, дэмжлэгээр бид ажилдаа хурдан дадаж, есөн сарын хугацаанд үүргээ гүйцэтгээд ирлээ. Сэтгүүлч хүний нүдээр харахад Монгол цэргүүд гадаад улс оронд эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж, дайчин цогтойгоор албаа нэр төртэй биелүүлж, хүнд хүчир ажилд шантралгүй бүтээн байгуулалт өрнүүлж, бусад орны цэргүүдтэй харьцуулахад сүр хүч, жавхаатай байгаагаар бахархлаа. Дээрээс нь тухай орны ард иргэдийн аж амьдралын онцлогийг сонирхлоо. Эмэгтэй хүнийхээ хувьд тэндхийн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өрөвдөж, сэтгэл өмөрч байлаа. Эмэгтэйчүүд нь илүү их хөдөлмөр эрхэлж, хүнд хүчир ажил эрхэлж, толгой дээрээ хүнд ачаа үүрээд явж байхад эрчүүд нь хөнгөн хялбар ажил эрхэлж байна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцож, цогтой золбоотой Монгол цэргийн бүрэлдэхүүнд багтаж явсандаа их баяртай байна.
-Та бүхний нэг өдрийг сонирхвол?
-Хүн бүр тус тусдаа үүрэгтэй. Миний хувьд хэвлэлийн төлөөлөгч-операторийн албыг гүйцэтгэсэн. Нэг сарын хугацаанд цэргийн албан хаагчдадаа шинэ мэдээ мэдээллийг хүргэх, сонин эрхэлж гаргах, энхийг сахиулагчдынхаа хийсэн, бүтээсэн ажлын талаар мэдээллийг эх орон руугаа илгээж, Соёмбо сониндоо материал нийлүүлэх гэх мэтчлэнгээр ажилладаг байсан. Бусад албан хаагчид харуул манаандаа явах, хол ойрын агаары, усан эргүүлд явах зэргээр маш олон ажил гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээ бүтээн байгуулалтын ажлыг манай мотобуудлагын батальоныхон бүтээж чадсан. Монгол цэргийнхээ махруу, дайчин чанараар бахархаж байлаа.
-Тэнд сэтгэлзүйн хувьд ямар байсан бэ?
-Сэтгэлзүйн хувьд тогтвортой. Бид эндээс бэлтгэгдээд, үүрэг даалгавараа аваад, есөн сарын хугацаанд үүргээ гүйцэтгэнэ гэдэг даалгавраа аваад явсан. Тийм болохоор сэтгэлзүйн хувьд бэлтгэлтэй байлаа. Тэнд цэргийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх номын сан, биеийн тамирын талбай байх жишээтэй. Тийм учраас цэргүүд сэтгэлээр унаж, уйдах завгүй байдаг. Энхийг сахиулагчид оногдсон үүргээ биелүүлэхээс гадна иргэдийг нийгэмшүүлэх, бүтээн байгуулалт өрнүүлэх гээд маш завгүй ажилладаг юм байна.
-Эх орноо санав уу? -Санана. Харийн нутагт очсон хүмүүс гэрээ, ээж ааваа санахаасаа илүү хамгийн түрүүнд эх орноо санадаг юм билээ. Бид ямар сайхан оронд төрсөн юм бэ гэдэг эх орныхоо үнэ цэнийг харийн нутагт очоод л илүү мэдэрдэг юм байна.Ахлах дэслэгч Д.Оюунгэрэл: Тэнд нийгэмшил үгүй болжээ
-Энхийг сахиулах үйлсэд оролцон, үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн Мотобуудлагын батальоныхонд баяр хүргэе.
-Баярлалаа. Мотобуудлагын батальон нь зэвсэгт хүчний болон үндэсний аюулгүй байдлыг дагуу тусгайлсан чиг үүрэг бүхий анги байгууллагаас шалгарсан 1000 гаруй цэргийн албан хаагчдаас 850 цэргийн албан хаагч 2012 оны хоёрдугаар сараас ажиллагаанд үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна. Миний хувьд анхны ажиллагаа. Монгол Улсын зэвсэгт хүчнийхэн гурван тивийн 12 улсад энхийг сахиулах ажиллагаанд 7000 гаруй цэргийн албан хаагчдаа илгээсэн. Энэ энхийг сахиулагчдын эгнээнд орсондоо баяртай байна.
-Манай энхийг сахиулагчдын нэр хүнд олон улсад өндөр байна. Манайхан бусдаас юугаараа илүүрхэж чадаж байна вэ?
-Монгол Улсын энхийг сахиулагч цэргүүд бусад улс орны энхийг сахиулагчдаас яагаад чадварлаг, хүчирхэг байдаг вэ гэдгийг газар дээр нь очиж мэдлээ. Манай энхийг сахиулагчид цэнхэр дуулгатан байж энхийг сахиулахаасаа гадна бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн ажил, иргэн цэргийн харилцааг бодит утгаар нь гүйцэтгэж, бусад орны цэргийн албан хаагчдаас хувь илүү биелүүлж чадсанаараа нэр хүнд нь өндөрт байдгийг мэдсэн дээ.
-Өмнөд Судан улсад байдал ямар байна вэ? Тусгаар тогтнолоо тунхаглаад хоёрхон жил болж байгаа орон шүү дээ.
-БНӨСУ тусгаар тогтнолоо олоод хоёр жилийн нүүр үзэж байгаа дэлхийн хамгийн отгон улс. Дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөний дунд олон жил явж, дорой буурай байснаас үүдэн нийгэмшил гэдэг зүйл үгүй болжээ. Иргэд нь ядуу буурай. Манай энхийг сахиулагчид буугаа бариад, харуулд гарах зэрэг үүргээ гүйцэтгэхээс гадна тэндхийн иргэдийг нийгэмшүүлэх цэнхэр дуулгатны үүргийг бодитоор гүйцэтгэсэн.
-Эмэгтэй хүн энхийг сахиулах ажиллагаанд оролцоно гэдэг хүнд ачаа байх аа?
-Дэд хурандаа н.Нямжаргал анх эмэ:гтэй энхийг сахиулагчдын залгамж халааг тавьсанаас хойш манай 28 эмэгтэй цэргийн албан хаагч үүрэг гүйцэтгэсэн. Эмэгтэй л болохоос бус хүлээсэн үүрэг, өргөсөн тангарагтай цэргийн албан хаагч. Тийм учраас бид эмэгтэй гээд цэргийн албанд хойш суух ёсгүй. Тиймээс өөр өөрсдийн хүлээх хариуцлага, үүргээс гадна цэргийн сахилга, зохион байгуулалтаараа ч эрчүүдтэй эн зэрэгцэж явдаг.
-Тэнд байхдаа гэрээ их санав уу?
-Дөнгөж очсоныхоо дараа гэрээ, хүүгээ их санасан. Очсоныхоо дараа нэгдүгээр мотобуудлагын батальон бүтээн байгуулалт хийж, хоёрдугаар мотобуудлагын батальон дараа дараагийн үүрэг гүйцэтгэх боломж, бололцоог бүрдүүлэхээр ажилласан. Хүн бүр дор бүрнээ өөр өөрийн гүйцэтгэх үүрэгтэй, ажилтай болохоор ажилдаа дарагдаад гэх үү хүн бүр гэрээ санах завгүй байсан даа. Харин хугацаа дуусч, явах дөхөхөөр гэрээ рүүгээ их яарч, санадаг юм билээ.
-Суданд есөн сар хүнд нөхцөлд алба хаагаад ирлээ. Одоо амрах уу?
-Биднийг амраах эсэхийг байгууллага л шийднэ. Өгсөн үүргийн дагуу л явна даа.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ