Баталсан хуулиа эргэн харахыг хүсчээ
Египетийн эрх баригчдад хандан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн саяхан баталсан “жагсаал цуглааны тухай хуулиа” эргэн харахыг уриалжээ. Учир нь өнөөгийн нөхцөлд тэдний баталсан энэ хууль нь иргэдийн тайван замаар цуглаж үгээ хэлэх эрхийг хаасан нэг хэлбэр болохыг анхааруулжээ. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Наванетхемийн нэгэн адилаар Египетийн засаг захиргааг хуульдаа өөрчлөлт оруулах боломжийг ойрын хугацаанд судалж асуудлыг шийдэхийг уриалж байгааг Бан Ги Мүний албан ёсны төлөөлөгч Мартин Несирки мэдэгдэв. Тэрбээр “Аливаа хууль тогтоомжийг батлахдаа олон улсад мөрдөж буй стандартыг баримталж, хүний эрхийг ямар нэг байдлаар хөндсөн эсэхийг нягтлах ёстой. Иргэдийн жагсаал цуглаан хийх, тайван замаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах нь Египетийн хувьд тун чухал гэдгийг Бан Ги Мүн хэлсэн” гэж мэдэгджээ.
Долоо хоногийн өмнө Египетийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Адди Мансур “жагсаалын тухай хууль”-ийг баталгаажуулан гарын үсэг зурсан юм. Уг хуулиар Батлан хамгаалах яамнаас урьдчилан зөвшөөрөл авалгүйгээр тус улсад нийтийг хамарсан ямар нэгэн жагсаал цуглаан хийхийг хориглож байгаа юм. Зөрчсөн тохиолдолд цагдаагийн байгууллага хүч хэрэглэн жагсагчдыг тараах эрхтэй төдийгүй зохион байгуулагчдад нь өндөр торгууль оноох, шоронд хорих хүртэл арга хэмжээ авахаар болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ