Төрийн албан хаагчид ажил хаяхаар болов
Тайландад өнөөдрөөс төрийн албан хаагчид орон даяар ажил хаялт зохион байгуулна гэдгийг мэдэгдсэн байна. Засгийн газрыг эсэргүүцсэн жагсагчдын удирдагч Сутеп Тагсубан Ерөнхий сайд Ийнглак Чинаватратай уулзаж, “эрх мэдлийг ард түмэнд эргүүлэн өгөх” хоёр хоногийн хугацааг түүнд өгсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Харин хоёр хоногийн дотор шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газрын байрыг эзлэхээ мэдэгджээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийг эсэргүүцэж эхэлсэн олон нийтийн жагсаал хууль найм дахь өдрөө үргэлжилсээр байгаа юм. Сөрөг хүчнээр удирдуулсан жагсагчид Засгийн газрыг Ерөнхий сайдын ах Таксин Чинаватра алсаас удирдаж байна хэмээн үзэж буруутгаж, цэргийн биш ард түмний эргэлт хийж, Таксин Чинаватрад байгаа эрх мэдлийг “Ард түмний зөвлөл”-д шилжүүлнэ хэмээн мэдэгджээ. Өмнө нь тэд Ерөнхий сайдыг ахдаа эрх чөлөө олгохоор “Өршөөлийн хууль батлах” гэж байна хэмээн буруутгаж жагсаалаа эхэлсэн юм. Цагдаа нар Бангкокийн гол хэсгүүдэд цугларсан жагсагчдыг нулимс асгаруулагч хий ашиглан тараахыг оролдсоор байгаа аж. Жагсаал эхэлснээс хойш дөрвөн хүн амиа алджээ. Нөхцөл байдал аюултай болсон тул Ерөнхий сайд Ийнглак Чинаватраг нууц байрлал руу шилжүүлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ