Гэмтлийнхэн дахин ажил хаях уу?
ГССҮТ-ийн Б.Бүргэд тэргүүтэй эмч нар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яам болон тус эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаярт удаах шаардлагаа хүргүүлжээ. Тэд энэ удаа мөн л “Ц.Энхбаяр шаардлагыг хүлээж авахгүй бол эмнэлгийн эмч, ажилтнууд дахин ажил хаяна” хэмээн мэдүүлээд байгаа аж.
Тэгвэл шаардлага хүргүүлсэн эмч нар хариугаа өнөөдөр 12 цагт ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяраас авах ёстой байсан гэнэ. Гэвч ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр эмч нарын шаардлагын хариуг ирүүлээгүй байна. Энэ талаар ГССҮТ-ийн дэд захирал Д.Мөнхбаяраас тодрууллаа.
- ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр өнөөдөр та бүхний удаах шаардлагын хариуг өнөөдөр өгөх ёстой байсан. Шаардлагын хариу ирсэн үү?
-Одоо 15.00 цаг болж байна. Гэтэл Ц.Энхбаяраас ямар ч шаардлагын хариу ирээгүй байна. Уг нь шаардлагын хариуг өнөөдөр 12.00 цагт авах байсан.
-Та бүхэн “Ц.Энхбаяр шаардлагыг хүлээж авахгүй бол эмнэлгийн эмч, ажилтнууд дахин ажил хаяна” хэмээн мэдэгдээд байсан. Дахин ажил хаях уу?
-Тэрийг одоогоор шийдсэн юм алга. Энэ асуудлыг би ганцаараа шийддэггүй. Бид хоорондоо ярилцаж байгаа дараагийн арга хэмжээгээ авна” гэв.
Энэ асуудлаар ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяртай холбогдож, дээрх шаардлагын талаар нэмэлт мэдээлэл авахыг хүссэн боловч тайлбар өгөхөөс татгалзсан юм.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эх сурвалжийн мэдээлж буйгаар “ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяр өнгөрсөн хугацаанд ажлаас халсан эмч нараа ажилд нь эргүүлэн авах ёстой байсан. Гэвч одоог хүртэл ажилд нь аваагүй. Тиймээс энэ асуудалтай холбоотой шаардлагыг хүргүүлсэн” гэв.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ