Ахмадуудаас орон сууц хүссэн 8600 өргөдөл иржээ

img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өчигдөр СТӨ-нд намынхаа ахмадуудтай уулзаж, ирэх онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл өглөө. Мөн тус уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал оролцож, ахмадуудад чиглэсэн нийгмийн халамж үйлчилгээний талаархи салбарын яам, төрөөс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого, шийдвэрүүдийн талаар танилцуулсан юм. Аль ч улс оронд ахмад настан бол нийгмийн чухал хэсэг. Тиймдээ ч тэдэн рүү чиглэсэн нийгмийн халамж, үйлчилгээ, бодлого чухал гэдгийг ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал онцолсон. Салбарын яамнаас ахмад настангуудад зориулсан цогц бодлого боловсруулахаар судалгаа хийж байгааг ч тэрбээр дуулгав.

 

Улсын хэмжээнд өндөр настны тэтгэвэр авдаг 230400 ахмад настан байдаг. Тэдний зургаан хувь нь цэргийнхэн бол долоон хувь нь хувь тэнцүүлж тэтгэвэр тогтоолгосон иргэд гэнэ. ХАХНХЯ-наас цаашид ахмад настангуудаар зохих хөдөлмөр эрхлүүлэх, тэдний туршлага, зөвлөх үйлчилгээг авч хэрэгжүүлэх зорилгоор ахмадын мэргэжлийн сүлжээ байгуулан ажиллах юм байна. Түүнчлэн ахмадын асрамжийн газрыг тухайн орон нутагт нь ойртуулах, ахмад настны эрүүл мэнд, хөгжил хамгааллын бодлогын баримт бичиг боловсруулан гаргах зэрэг олон ажил төлөвлөжээ. Харин хотын захирагч Э.Бат-Үүл “Бид ахмадуудтайгаа байнга уулзаж байх болно. Дүүргүүдийн Ардчилсан намын удирдлагууд олигтой уулзалт хийхгүй байгаа болохоор ахмадууд маань над руу хандаж байх шиг байна. Цаашдаа дүүргийн дарга нар чинь та бүхэнтэй уулзах болно. Ер нь бид байнга уулзах хэрэгцээ шаардлага их байгаа юм. Та нараасаа асууж шийдэх асуудал ч олон байна” гээд өнгөрсөн хугацаанд хотын хэмжээнд хийсэн гол ажлуудаасаа танилцууллаа.

Хотын удирдлага өнгөрсөн хугацаанд ахмад настангуудад чиглэсэн цөөнгүй ажил санаачилж, хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал, хотын захиргаанд ахмад настангуудаас байр орон сууц хүссэн 8600 өргөдөл иржээ. Үүнийг шийдвэрлэхэд дор хаяж 10 мянган айлын орон сууц барих шаардлагатай. Энэхүү ажлын эхлэл тавигдсан, ахмадуудаа нийгмийн халамжийн орон сууцаар хангах, орон сууцны дэмжлэгийн сан байгуулах ажлыг эхлүүлсэн гэдгийг ч хотын захирагч Э.Бат-Үүл ахмадуудад дуулгав. Удахгүй эхний байрууд ашиглалтад орох бол Орон сууцны дэмжлэгийн санд гэхэд л одоогоор 15 тэрбум төгрөг хуримтлагдаад байгаа гэнэ. Хотын захиргаанаас ахмад настангуудын талаар баримталж байгаа өөр нэгэн шинэлэг бодлого, үйл ажиллагаа гэвэл, ирэх онд тэдэнд зориулсан нийтийн тээврийн сүлжээг хэрэгжүүлэх юм байна.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

stets:
ahmaduudad oron suuts uguh heregtei shuu. hasaaraa 30-40 jil ulsad ajilchiheed mash baga tetgeber abdag shuu dee. ahmaduudiig harj uzuh heregtei.......
2013-12-03
zochin :
ahmad gej heniig heleh ve gedgee sain todorhoi bolgoh heregtei dee. tetgever avah nas buyu 55 hursen emegeti, 60 hursen eregtei hun buriig ahmad geed halamjlah gevel ulsiin chadal hureh uu?
2013-12-02
zochin:
ee ene tsuuhun ahmadaa harj yzej tetgever ni 1 uruu hulsluud yldsenee huvtsas avahaa baig idej uugaad hyreltsdeg bolgoochee
2013-12-02