Д.Дэмбэрэл: Боомтын захиргаа байгуулж, орон тоо нэмэгдүүлэх шаардлагагүй
Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хилийн боомтын тухай болон бусад дагалдах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийв. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүн Д.Дэмбэрэл ажлын хэсгийг анхны хэлэлцүүлэгт дутуу дулимаг хуулийн төсөл оруулж ирлээ хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр:
6
-Би УИХ-ын нэгдсэн хуралдаанд хилийн боомтын асуудлаар орон тоо нэмэгдэх, бүтэц бий болох асуудлыг цэгцэлж, ухаалаг төрд шилжихтэй холбогдуулаад “Боомтын үндсэн захиргаа гэдгийг хасч үндэсний зөвлөлд ажлын албатай байна” гэсэн заалтыг хасах хэрэгтэй гэсэн санал гаргасан. Гэтэл ажлын хэсэг үүнийг гүйцээн боловсруулж тусгаагүй байгаа нь харамсалтай байна. УИХ-ын гишүүний бүрэн эрх ажлын хэсэгт хандахаасаа илүү байнгын хороонд ханддаг. Эцсийн хэлэлцүүлгийг хийхтэй холбогдуулан санал оруулж байна. Энэ талаараа хоёр байнгын хороонд саналаа бичиж явуулсан. Хуулийн төсөл дэх “Боомтын нэгдсэн захиргаа” гэсэн 17 дугаар зүйлийг бүхэлд нь хасаад 16 дугаар зүйлийн “Боомтын үндэсний зөвлөл ажлын албатай байна. Ажлын албыг Засгийн газар батална” гэсэнд багтах биз гэж бодож байгаа юм хэмээн саналаа оруулж өгөхийг хүссэн юм. Харин Д.Дэмбэрэл гишүүний энэ санал гишүүдийн дунд нэлээд маргаан дэгдээгээд амжсан.
6
УИХ-ын гишүүн С.Баярцогт:
-Хил дээр байгаа хүнд суртлыг арилгах хэрэгтэй. Хил дээр аж ахуйн нэгжүүд хил, мэргэжлийн хяналт, гааль гэсэн гурван давхар хяналтад ордог. Энэ бүгдэд нэгдсэн зохион байгуулалт хийхээр ярьсан. Агентлагууд нь өөр өөр салбарын харъяанд байдаг. Хоорондоо амбицтай учраас нэгдсэн удирдлагад ордоггүй. Нэгдсэн удирдлагад оруулахын тулд энэ хуулийг боловсруулж байгаа юм. Энэ хуулийг зангидаж байгаа гол асуудал нь аль нэг сайдын харъяанд бус зохицуулах үүрэгтэй ЗГХЭГ-ын харъяанд оруулаад явъя гэдэг зарчмаар шийднэ. Үндэсний зөвлөл гэдэг нь зөвхөн сайд нар орсон бодлогын байгууллага. Нэгдсэн захиргаа нь хэрэгжүүлэх байгууллага. Боомтын нэгдсэн захиргаа нь давхар үндэсний зөвлөлийнхөө ажлын алба болоод явж байгаа юм. Д.Дэмбэрэл гишүүн 17 дугаар зүйлийг бүхэлд нь хасах тухай санал гаргаж байгааг дэмжих боломжгүй.
6
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
-Хууль батлагдсанаар ЗГХЭГ тусгай чиг үүргүүдийн байгууллагын үйл ажиллагаанд хутгалдан оролцохгүй. Боомт дээр ажиллаж байгаа төрийн тусгай чиг үүргүүдийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын нөхцөл, боломжид дэмжлэг үзүүлэх зорилгоор Боомтын захиргаа баригдаж байгаа. Тусгай чиг үүргийн байгууллагууд хажуудаа захиргаа, аж ахуйн албатайгаар боомтыг хөгжүүлэх ажлаа явуулж байна. Гол ачааллыг ГЕГ үүрдэг. Мэргэжлийн байгууллагуудыг аж ахуйн ажлаас тусад нь салгаад боомтыг хөгжүүлэх, бусад эдийн засгийн бодлогыг хангах үүднээс боомтын захиргаа бий болж байгаа. Энэ байгууллагууд хуулийн дагуу чиг үүргүүдийн ажлаа хийх болохоос Засгийн газар тэдний ажилд шууд хутгалдан орж болохгүй.
6
УИХ-ын гишүүн М.Батчимэг:
-Боомтыг дэмжих, үйл ажиллагааг нь уялдуулах, хяналт шалгалтыг тогтоох зэрэг асуудалд Засгийн газар оролцоно. Гэхдээ үндсэн чиг үүрэгт нь оролцохгүй. Үндэсний зөвлөл, нэгдсэн захиргаа хоёр давхцсан зүйлгүй. Боомтын үндэсний зөвлөл жилдээ гурван удаа хуралддаг байгууллага. Үндсэн зөвлөл бодлогыг батлаад нэгдсэн захиргаа хэрэгжүүлнэ. Нэгдсэн захиргааны чиг үүргийг байхгүй болгоно гэдэг энэ хуулийг тэр чигт нь байхгүй болгоно гэсэн үг. Тийм учраас чиг үүргийг байхгүй болгох асуудал байж болохгүй.
6
УИХ-ын гишүүн Д.Батцогт:
-Боомтын нэгдсэн захиргааг байгуулж байгаа нь гааль, хил, мэргэжлийн хяналтууд тус бүртээ амбицаараа явдаг байсныг нь болиулаад нэгдсэн том байгууллага болгож байна. Энэ байгууллага гаалийн, гадаадын иргэн харъяатын дотоод асуудалд оролцохгүй, ажлын уялдааг хангана. Цаашдаа энэ захиргаа агентлаг болох шаардлагатай.
6
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл
Үндэсний зөвлөл нэгдсэн захиргааны ажлыг хийчихээр батлагдаж байна. Ажлын хэсгийг би энэ саналд сайшааж байгаа. Засгийн газарт нэгдсэн захиргааны бүтцийг бий болгож, давхардсан пралель бүтэц болгох хэрэггүй. Нэгдсэн захиргаа бий болгож, орон тоо нэмэгдүүлэх заалтыг л хасах санал байгаа юм. Өөр асуудалгүй.
Ийнхүү байнгын хорооны гишүүд байр сууриа хэлж, санал хураалт явуулахал Д.Дэмбэрэл гишүүний гаргасан санал олонхийн дэмжлэг авсангүй.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ