Хотын шинэ цогцолборын барилгын зураг бэлэн болжээ
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн. СХД-ийн 6-р хороо буюу хуучнаар Ханын материалын үйлдвэрийн орчмын 9 га газарт хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар шав тавьж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын дагуу аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахад БНСУ-ын “Халла” групп төсөл хэрэгжүүлэх эрх авсан билээ.
2013 оны 10 дугаар сараас эхлэн “Халла” групп хотын захиргааны цогцолборын барилгын зураг төслийг боловсруулан нийслэлийн удирдлагуудад танилцуулан санал авсан байна. Харин өчигдөр барилгын зураг төслийн эцсийн хувилбараа нийслэлээс байгуулсан ажлын хэсэгт танилцуулж, талууд инженерийн дэд бүтэц, цахилгаан хангамж зэрэг дараа дараагийн нарийн төлөвлөлтийн ажлаа хэлэлцсэн байна. “Халла” группын архитекторын танилцуулснаар, хотын захиргааны шинэ цогцолборын барилгыг 50 400 метр квадрат талбайд барихаар төлөвлөжээ. НЗДТГ болон Захирагчийн ажлын алба, харьяа агентлагуудыг хойд хэсгийн 20 давхар барилгад, урд хэсэгт нь НИТХ-ын төлөөлөгчид, ажлын албадын барилга байхаар зураг төслийг гаргажээ. Харин энэхүү 2 барилгын дунд хэсэгт нийслэлийн Иргэд хүлээн авах төв болон иргэдэд үйлчилгээ үзүүлэх газруудыг байрлуулахаар төлөвсөн байна. Хотын захиргааны шинэ цогцолборыг 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны эх үүсвэрийг шийдэхээр тооцоолж байгаа юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ