Гоё хот
Хэнтий аймгийн иргэдийн хурлын шийдвэрээр Өндөрхаан хотын нэрийг өөрчилж, “Чингис” болгосон. Харин одоо Чингис хотод Тэмүжин нэртэй хороолол байгуулагдах гэнэ. Үндэсний бүтээн байгуулалтын корпораци, орон нутгийн барилгын компаниуд уг хорооллыг барьж байгуулах аж. Эхний хороолол Тэмүжин болохоор дараагийнх нь Хасар, Хачиун, Тэмүгэ Отчигон, Тэмүлэн гэж нэрлэх хэрэгтэй. Бэлгүтэй, Бэгтэр хоёрыг ч гадуурхаж болохгүй. Чингис хот Бэрх, Өлзийт, Хурх, Тахилгат гэсэн нэртэй тосгодтой байх нь зохимжгүй. Харин Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэх нь илүү их уялдаатай.
6
Сумд ч бас Батноров, Биндэр, Баянмөнх, Баянхутаг, Мөрөн, Биндэр, Дархан гэсэн Чингист хаа хамаагүй нэртэй байж болохгүй. Тэрний оронд Мухулай, Чуу мэргэн, Боорчи, Сорхон шар, Зэлмэ, Зэв, Хар хиру, Борохул, Шихихутуг гэх мэтээр нэрших нь сайхан санаа. Засаг дарга бас одоогийнх шиг Ж.Оюунбаатар нэртэй байж болохгүй шүү. Чингис хотод ёстой тохирохгүй байна. Харин Есүхэй бол тун ч донжтой. Уг нь Засаг даргын нэр Тэмүжин байсан бол зүгээр байхгүй юу. Даанч Чингис хотынхон яараад хорооллыг тэгж нэрлэхээр болчихож. Тэгээд Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг Жамух гэж нэрлэх хэрэгтэй. Тэмүжин Жамух хоёр чинь нөхөрлөж бас зөрчилддөг ш дээ. Хурлын дарга, Засаг дарга хоёрт ч эвлэлдэх, эвдрэлцэх үе мундахгүй. 3а тэгээд Хэрлэн мөрний хөвөөнд Чингис хотын Засаг дарга Тэмүжин, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Жамух нар уулзаж, санал бодлоо солилцов гэх чинь сүртэй сонсогдоно доо.
6
Шагай бүс солилцохгүй нь мэдээж болохоор хундага тулгав гэх ч сонсголонтой. Тэмүжин хороолол болсон болохоор Засаг даргыг Есүхэй гэх ч буруудахгүй л дээ. Харин эмэгтэй хүн гарвал Өүлэн эсвэл Бөртэ гэсэн нэртэй байх нь тохиромжтой. Овог нэрээ бүр солихыг хүсэхгүй байгаа бол дарга байх дөрвөн жилийн хугацаандаа л Есүхэй, Бөртэ, Өүлэн болчих. Бүхэл бүтэн аймгийг толгойлох гэж байхад эцэг эхээс өгсөн нэр чухал биш шүү дээ. Тэгээд ч Чингис хотоос гарч байгаа тогтоол шийдвэр Болд, Оюун, Дондог, Дулам гэсэн гарын үсэгтэй байх нь зохимжгүй. Аан бас Чингис хотын дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрууд ч нэр усандаа өөрчлөлт хийх хэрэгтэй. Дэлүүн болдог, Хэрлэн мөрөн, Найман шарга, Бурхан Халдун гэх мэтээр нэрлэвэл зохилтой. Бурхан Халдун нэртэй баар байж болохгүй гэх газаргүй.
6
Хэлсэн хэлээгүй ээж аавууд Чингис хотод төрсөн хүүхдээ Есүй, Тататунгаа, Зургаадай, Есүгэн, Тоорил, Хучар, Мэнлиг зэргээр нэрлэнэ. Угаасаа ч тэгж нэрлэхгүй бол Чингис хотод харшилна. Хучар, Есүй хоёулаа Бурхан Халдундах уу гэхэд муухай юмгүй л байна даг.
7
Монголын нууц товчоог уншиж тархиа гашилгаад ч хэрэггүй. Чингис хотод очиход л хангалттай. Тал бүрийн ашигтай, юм юмтай гоё хот болох нь ээ.
.
В.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ