150 багш багшлах эрхээ хасуулжээ
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Замын цагдаагийн газар хамтран жолооны курст шалгалт хийжээ. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй жолооны курсын 1170 багшийг суралцагсдын өгдөг тестээр шалгахад 360 багш шалгалтдаа унасан байна. Дахин жолооны курсуудын удирдлагуудын хүсэлтээр шалгалт явуулахад 150 багш ахин бүдэрчээ. Тиймээс давтан шалгалтад унасан 150 багшийн багшлах эрхийг хассан байна.
Монгол улсын хэмжээнд жилд 500 орчим иргэн авто ослоор нас барж байгаагийн 60 гаруй хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа тухай судалгаа гарсан. Чанаргүй жолооны курсууд чадваргүй жолооч нарыг бэлтгэснээр ослын хэмжээ буурахгүй байгаа хэмээн ШӨХТГ-аас үзэж байна. Өмнө нь суралцагсдын 75 хувийг төгсгөж чадаагүй бол жолооны курс явуулах эрхийг хасдаг байсан. Энэ журам хүчингүй болсноор чанаргүй сургалтын төвүүд илт олширсон. Тиймээс журмыг эргэн мөрдүүлэхээр болж байна.
Мөн жолооны курсууд 1982 оны журмаар үйл ажиллагаагаа явуулдаг нь цаг үетэйгээ таарахгүй байгаа тухай гомдол ШӨХТГ-т иргэдээс ирдэг. Журмаар бол механик кровтой машинаар сургалтаа явуулах ёстой. Гэтэл манай улсад орж ирсэн нийт тээврийн хэрэгслийн 60 гаруй хувь нь автомат кровтой машин байгаа юм. Тиймээс энэ журмыг өөрчлөхөөр ажиллаж байгаа гэнэ.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ