11 барилгын компанид зөрчил илэрчээ
Шинээр ашиглалтад орж байгаа орон сууцнуудын метр.кв-аас дутаж байгаа тухай өдөрт 20 орчим гомдол ШӨХТГ ирдэг байна. Иргэдийн хүсэлтийн дагуу “Тайгам-Алтай”, “Тисиди”, “Адар пропортик” тэргүүтэй 11 барилгын компанид шалгалт явуулсан байна. Шалгалтаар нэг байрнаас 2-20 метр кв дутсаныг мэдээллээ. Хамгийн багаар тооцоход дөрвөн сая төгрөгийг иргэдээс хууль бусаар авсан байна.
Засгийн газрын “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн дагуу барилгын үндсэн түүхий эд болох цемент, арматурын үнийг тогтвортой барьж, хөнгөлөлттэй зээл олгосон. Мөн найман хувийн зээлээр худалдан авагчдыг нь хүртэл бэлдэж өгч байхад иргэдийг луйвардсан энэ байдалд хариуцлага тооцохоо ШӨХТГ-аас мэдэгдлээ.
Шалгалтаар зөрчилтэй гарсан барилгын компаниудыг арванхоёрдугаар сарын 9-ны дотор иргэдийн хохирлыг барагдуулж, зөрчлөө арилгахыг шаардсан. Зөрчлөө заасан хугацаанд арилгаагүй бол хууль бус орлогыг улсын орлого болгох, эсвэл хууль бусаар олсон орлогын 6 хувь хүртэлх мөнгөн дүнгээр торгох арга хэмжээ авах юм. Цаашлаад барилгын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртлэх хариуцлага тооцох аж.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ