СЕХ-г огцрохыг шаардлаа
УИХ-ын 2012 оны сонгуулийн 15 дугаар тойрогт нэр дэвшсэн МАН-ын хоёр гишүүн сонгогчдод мөнгө тараасан гэдгийг сонгогчид Увс аймгийн сонгуулийн 15 дугаар хороонд мэдэгдэж, бүх шатны хууль хяналтын байгууллагаар шалгуулан, гурван шатны шүүх хурлаар орж дээрх хоёр нэр дэвшигч хууль зөрчсөн болохыг тогтоосон. Тэгвэл шүүхийн эцсийн шийдвэрийг үндэслэж, сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчээс мөнгө авснаа шударгаар мэдэгдсэн Тариалан сумын 13 иргэнд тус бүр нэг сая төгрөгийг Сонгуулийн Ерөнхий хорооноос төлөөлөл очин өнгөрсөн тавдугаар сард гардуулж өгсөн. Тэдгээр иргэн СЕХ-оос гаргах эцсийн шийдвэр болох сонгуулийн хууль зөрчсөн нь тогтоогдсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг эргүүлэн татахыг жил гаруйн хугацаанд хүлээжээ.
Гэвч энэ асуудал шийдвэрлэгдэхгүй байсан тул шударга үнэний төлөө явж буй Тариалан сумын иргэдийн төлөөлөл нийслэлд ирж, өнгөрөгч сарын 29-ний өдөр СЕХ-нд шаардлага хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр 15 дугаар тойргийн сонгогчдыг дэмжсэн ТББ-ууд мөн СЕХ-нд шаардах бичиг хүргүүлэх тухайгаа мэдэгдлээ.
“Сонгогчдын эрхийг хамгаалах урагш”, “Дэвших холбоо”, “Иргэн таны төлөө”, “Монголын иргэд сонгогчдын нэгдсэн холбоо” зэрэг долоон ТББ нэгджээ. Тэд шаардах бичигтээ СЕХ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол өөрсдийн хүсэлтээр огцрох ёстойг мэдэгдсэн байна. УИХ-ын сонгуулийн хуулийн дагуу шаардлагын хариуг гурав хоногийн дотор хүлээж авах юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ