Нөөцийн мах бэлтгэл 70 гаруй хувьтай байна
Нөөцийн мах энэ сарын 25-аас эхлэн худалдаанд гарах ёстой. Гэтэл сүүлийн үед нөөцийн мах бэлтгэлийн ажлын санхүүжилт гацсанаас үүдэж, товлосон хугацаандаа худалдаанд гарч чадахгүй гэсэн мэдээлэл гарах болсон. Иймээс өнөөдөр ҮХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал тэргүүтэй төлөөлөл хэвлэл мэдээллийнхний хамт нөөцийн мах бэлтгэж буй компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.
1
Өнгөрсөн жилээс эхлэн нөөцийн махыг олон хяналт шалтгалтын дор бэлтгэж нийлүүлдэг болсон. 2013 оны хувьд ч эдгээр хяналт шалгалт улам нарийсч, махны чанарыг шалган, жинлэсний дараа дахин ОБЕГ, МХЕГ, тухайн мах бэлтгэлийн компанийн төлөөлөл болон тухайн санхүүжилт гаргаж буй банкны төлөөлөл зэрэг хүмүүсийн гарын үсэгтэй сертификатаар давхар баталгаажуулж буй юм. Ийм сертификаттай маханд банк санхүүжилт олгож буй тул махны чанар, хадгалалт зэрэг нь маш өндөр түвшинд бэлтгэгдэж, худалдаанд гарч буйг мэргэжлийн хүмүүс хэлж байв. Мөн санхүүжилт хойшилсон гэх яриа дээрх сертификат бичих ажил удааширсантай холбоотой аж. Энэ талаар Х.Золжаргал “Одоогоор нөөцийн махны санхүүжилт ХХБ, ХААН, Голомт банкуудад байгаа. Компаниуд махаа бэлтгээд сертификатаа биччихвэл санхүүжилт саадгүй” гэдгийг хэллээ.
1
Энэ сарын 25-аас худалдаанд гарна гэв
1
Энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд “Баатрууд тэнгэр”, “Эи Эн Ди Эм” гэсэн хоёр компани туслан гүйцэтгэгч компаниудынхаа хамтаар нийтдээ 12 мянган тонн мах нөөцөлж бэлтгэн, нийлүүлнэ. Харин Дархан, Эрдэнэтэд тус бүр 1000 тонн мах нөөцлөхөөр болсон билээ. “Баатрууд тэнгэр” ХХК-ийн үйл ажиллагаатай бид хамгийн эхэлж танилцсан юм.
“Баатрууд тэнгэр” компанийн тухайд Дархан-Уул аймагт 5000 тонн мах хадгалах агуулахтай, өдөрт 400-500 бог мал нядлах хүчин чадал бүхий үйлдвэртэй юм байна. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудаас Улаанбаатарт худалдаалах махыг эндээ зориулалтын зоорьт хадгалж, жижиглэн савлаж худалдаалах шаардлагыг тавьжээ. Иймээс Дарханд малаа нядлаж, хөлдөөгөөд Улаанбаатарт 4000 орчим тонн мах хадгалах багтаамж бүхий хоёр зоорьт махаа хадгалан, худалдаалах гэнэ. Иймээс тус компанийн хувьд сертификат бичих ажил удааширснаас үүдэж, санхүүжилт хойшилжээ.
1
Одоогоор “Баатрууд тэнгэр” ХХК нийтдээ 6000 тонн махнаас 4500 орчим тонныг нь бэлтгэж, нөөцийн махны бэлтгэл ажил 75 хувьтай байгаа аж. Үүний 2700 тонн махыг одоогийн байдлаар Улаанбаатарт татан авч хадгалаад буй юм байна. Харин үүний 1800 орчим тонн махны сертификатыг бичиж банкинд өгсөн байгаа бол 800-900 орчим тонныг сертификатжуулахаар хүлээгдэж буй аж. Тус компани Хан-Уул, Чингэлтэй дүүргийг болон Баянгол дүүргийн 15 хороог нөөцийн махаар хангах юм байна. Түүнчлэн өнгөрсөн жил махаа уутлаад түгээх үед уут нь задрах асуудал их гарч байсан. Харин энэ жилээс ууталсныхаа дараа давхар сагсанд хийн дэлгүүрүүдэд түгээх аж. “Баатрууд тэнгэр” ХХК энэ жил 30-35 кг махны багтаамж бүхий 2000 сагс бэлтгэжээ.
1
Үүний дараа бид “Эи Эн Ди Эм” компаниар орлоо. Тус компани Монголбанкны хөнгөлөлттэй зээлээр мах хадгалан, бэлтгэх зориулалтын зооринд энэ жилийн нөөцийн махаа бэлтгэн хадгалж буй аж. Уг зоорь нь 3000-3500 тонн мах хадгалах боломжтой юм байна. Үүнээс гадна тус агуулах нь давхар мах хөрөөдөж, савлах зориулалтын газартай аж. “Эи Эн Ди Эм” компани Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх, Багануур дүүргүүдэд нөөцийн махаа түгээх юм байна.
Дээрх хоёр компанийн захирлууд товлосон хугацаандаа буюу 12 дугаар сарын 25-нд нөөцийн махыг худалдаанд гаргана гэдгийг батлаж байлаа.
1
“Баатрууд Монгол”ХХК-ийн ерөнхий захирал М.Цэцэгмаа: Дэлгүүрүүдэд махны хангалт өнгөрсөн жилээс сайн хийгдэнэ
1
Бид энэ жил нөөцийн мах бэлтгэж буй “Баатрууд тэнгэр”, “Эи Эн Ди Эм”ХХК-уудын захирлуудаас зарим зүйлийг тодрууллаа.
1
-Танай компанийн санхүүжилт ямар байгаа вэ?
-Манай компанийн санхүүжилтэд одоогоор саад алга байна. Мах бэлтгэхээсээ өмнө урьдчилгаа 20 хувь буюу 5 тэрбум төгрөг авсан. Одоо сертификатаа бичүүлж, энэ дагуу санхүүжилтээ авч байна.
1
-Мах бэлтгэлийн тухайд тодруулаач?
-Манайх Улаанбаатарт нийт 6000 тонн мах бэлтгэж байгаагаас 40 хувь нь хонь, 20 хувь нь ямаа, 40 хувь нь үхрийн мах байгаа. Эдгээр махыг 2, 5 кг-аар савлаж болон гулуузаар нь худалдаална. Мөн ямаа болон үхрийн махныхаа тус бүр 5 хувийг шулж зарна.
1
-Үнийн хувьд өнгөрсөн жилээс нэмэгдэх үү?
-Яг өнгөрсөн жилийн үнээр зарагдана. Тодруулбал, хонины мах 5750, үхрийн мах 5950, ямааны мах 4900 төгрөгөөр худалдаалагдна. Бөөний үнэ нь үүнээс 250 төгрөгөөр бага байгаа. Харин ямааны цул мах кг нь 6500 төгрөг, үхрийн цул мах 8500 төгрөгийн үнэтэй борлуулна.
1
-Өнгөрсөн жилүүдэд иргэд нөөцийн маханд маш удаан дугаарлах, зарим дэлгүүрт түгээлт хийгдэхгүй тасрах зэрэг дутагдал их байсан. Энэ жил нөөцийн махны хангалт ямар байх вэ?
-Манай компани 350-400 дэлгүүрт 30 машинаар махаа тасралтгүй түгээнэ. Машинууддаа GPS суулгах болохоор тухайн машин очих ёстой дэлгүүртээ махаа түгээсэн эсэхийг хянах боломжтой болно. Иймээс энэ жил гэрээтэй дэлгүүрүүдэд мах тасрах асуудал гарахгүй. Мөн нэг дэлгүүрт худалдан авах хандлагыг нь судлаж, дунджаар өдөрт 70-200 кг мах өгөх тул хангалтын хувьд ч боломжийн байгаа.
Бид махны үнийг тогтвортой байлгах үүднээс тодорхой хэсгийг нь “Хүчит шонхор” зах дээр борлуулахаар төлөвлөж байна.
1
“Эи Эн Ди Эм”ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан: Одоогоор 1700 тонн мах зоориндоо хадгалсан
1
-Танай компани нөөцийн мах бэлтгэлд хэд дэх жилдээ оролцож байгаа вэ?
-Манай компани өмнө нь ОХУ-д адуу, үхрийн мах экспортлож байсан. Өнгөрсөн жил бид “Жаст” компанийн туслан гүйцэтгэгчээр нөөцийн мах бэлтгэхэд оролцож байсан.
1
-Энэ жилийн мах бэлтгэлийн онцлог ямар байна?
-Өмнөх шиг бэлэн санхүүжилт орж ирэхээ больж, хяналт нь нарийссан. Энэ жил зооринд мах орсон бол үүнд МХЕГ, ОБЕГ, арилжааны банк хяналт тавьж, ирсэн махны хэмжээгээр сертификат бичээд, энэ дагуу санхүүжилтээ авч байна.
1
-Одоогийн байдлаар санхүүжилтийнхээ хичнээн хувийг авсан бэ?
-Манайх одоогоор нийт 34 тэрбум төгрөгийн санхүүжилт авахаас 70 хувийг нь буюу 22 тэрбум төгрөгийн санхүүжилтээ авсан байгаа. Мах бэлтгэлийн тухайд нийт махныхаа мөн 70 гаруй хувийг бэлтгэсэн байгаа.
1
-Хичнээн тонн мах нөөцлөөд байгаа вэ?
-Одоогоор 1700 гаруй тонн мах эндээ зоорилсон байгаа. Манай компани энэ жил 6000 тонн мах бэлтгэхээс хонь 40, ямаа 30, үхэр 30 хувийн харьцаатай бэлтгэсэн.
1
-Танайх хичнээн туслан гүйцэтгэгч компанитай байгаа вэ. Эдгээр компаниудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу?
-Манайх 2 туслан гүйцэтгэгч компанитай байгаа. Эдгээр компаниудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
1
Ц.Цэвээнжав: Дундаас дээш таргатай мах авч буй тул гологдол бараг гараагүй
1
“Баатрууд тэнгэр” компанийн нөөцийн махны агуулахад хяналт тавьж буй МХЕГ-ын мал амьтан хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч Ц.Цэвээнжаваас цөөн зүйл тодруулсан юм.
1
-Танай байгууллагын зүгээс нөөцийн маханд ямар хяналт тавьж ажиллаж байгаа вэ?
-Бид агуулахын ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг хангаж байгаа эсэх гээд агуулахаас нь эхлээд хяналт тавьж байгаа. Ингээд мах буулгах үед нь махны чанар, хадгалалтын нөхцөлд хяналт тавьж ажиллаж байна.
1
-Таны хяналт тавьж буй энэ агуулахын махны чанар ямар байна?
-Энэ жил зуншлага сайхан байсан болохоор махны чанар сайн байгаа. Анхнаасаа дундаас дээш таргатай мах авч байгаа тул гологдол бараг гарахгүй байгаа.
1
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ