Цалинтай “амрагчид”
Манай улс парламентат засаглалтай. Парламентын шуурхай ажиллагаа, тэндээс боловсруулж, батлагдан гарч байгаа хууль бүхэн бидний амьжиргаа, улс орны хөгжилд нөлөөтэй. Гэтэл ажил нь байнга товлосон хугацаанаасаа хоцорч эхэлдэг, бүр сүүлдээ ирц бүрдээгүйн улмаас төлөвлөсөн асуудлаа хойшлуулдаг, ажил нь явдаггүй газар болж хувираад байна, энэ парламент.
1
Өчигдөр хоёр байнгын хороо хуралдах байсан ч ирц бүрдээгүй шалтгаанаар хойшиллоо. 76 парламентчийн 50 илүү хувь нь ажлаа хийхгүй байхад юун ухаалаг төр ярих вэ. “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг шиг энэ парламентчид эхлээд ажилдаа цагтаа ирж сурмаар юм. УИХ-ын сонгууль дөхөхөөр намаасаа сонгогдох эрхээ авах гэж дээгүүр доогуур намын даргаасаа эхлээд гишүүддээ хүртэл тал засч, мөнгө хаяж, дараа нь сонгуулийн сурталчилгаагаа хийхдээ төрийг төвхнүүлж хөгжүүлнэ гээд л мөрийн хөтөлбөртөө том том амлалт өгдгөө сонгогдоод таг марчихдаг юм уу, хаашаа юм.
1
УИХ-ын сонгуулийн тухай хуульд, намуудын мөрийн хөтөлбөрт “УИХ-д сонгогдсон тохиолдод төрийн ажлыг хойш тавьж цалгардуулахгүй, хэрвээ хуралдааныг шалтгаангүйгээр хоцорсон, тасалсан тохиолдолд тийм тийм хариуцлага хүлээнэ” гээд заалт оруулах хэрэгтэй. Парламент бүрт л ирцийн асуудлыг хөнддөг. Басхүү парламент бүрт хурал тасалдаг нөхөд байлаа. Тухайлбал, 1996 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн парламентад Болдхэт гишүүн хуралдаандаа оролцдоггүй, сонгогчдыг төрд төлөөлж байгаа гэдгээ ч умартаад “Би Их хуралд чөлөөт цагаараа суудаг” гэж даапаалж байлаа. Тэгвэл 2004 оны парламентад “симба” Ц.Батаа гишүүн зөвхөн хавар, намрын чуулганы нээлтэд л харагддаг, бусад үед бараа нь үзэгддэггүй гишүүн байв. Гэхдээ бусад нь ирцээ бүрдүүлж, төрийн ажлыг цалгардуулахгүй аваад явчихдаг л байсан.
1
Харин энэ удаагийн парламент нэг л биш ээ, бөөнөөрөө хурлаа таслах юм. Тэр дундаа эрх барьж байгаа намын гишүүд хуралдаанд оролцохгүй болохоор ирц бүрдэхгүй байх нь аргагүй. Ихэнх нь Засгийн газрын гишүүн гэсэн давхар гуншинтай. УИХ-ын гишүүн, сайд нь салбарын ажлаа хийгээд явжээ гэж бодъё. Ажлаа хийж ч гэж дээ, тэд аль нэг хүлээн авалтад бөөнөөрөө оччихсон тууж явдаг. Тэдэнд хүлээн авалтын урилга тасрахгүй. Тэнд дотор заавал хүрэлцэх ирэх шаардлагагүй, дипломат маягаар урилга илгээсэн байсан ч гүйгээд оччихдог. Засгийн газрын гишүүдийг нэг нь төлөөлөөд л очих ёстой атал бөөнөөр очиж шараа болсон тохиолдол ч бий. Нэг удаа Элчин сайдын яамны хүлээн авалтын урилга дээр манай сайдууд бүгд очжээ. Монголд элэгтэй, хошин шогийн мэдрэмжтэй элчин томилогдсон үе байж. Тэрбээр манай Засгийн газрын гишүүдийг хараад ирсэнд талархаж байгаагаа дипломат зангаараа илэрхийлээд “Та бүхэн манай энд Засгийн газрын хуралдаанаа хийчихээр ирцтэй, бас хугацаа ч байлаа шүү” хэмээн хатгасан гэдэг. Мэдээж Засгийн газрын сайд нар нь бүгд цуглачихаар улс орны ажил хэцүүдлээ гэж санаа нь зовнисон биз ээ, тэр элчин.
1
Засгийн газрыг ийн арын ажилтай явж байхад эрх баригч хүчний сул гишүүд нь сайд гишүүнээ дагаад далдагнадаг юм уу, бүү мэд. Сөрөг хүчнийхэн “Шударга ёс” эвслийн бүлгийн, бие даагч нар гэсэн хэсэг гишүүн хүлээгээд суугаад байдаг. Тэд хуралдаанд суулаа гээд ирц бүрдэхгүй. Яагаад гэвэл сөрөг хүчний гишүүд ганц ганцхан байнгын хороонд харъяалалтай. 2-3 байнгын хороонд харъяалагдмаар байна гэж хүсэлт тавиад ч эрх баригчид зөвшөөрөөгүй. Ийнхүү гишүүд хуралдаандаа суухгүй, ажил хийдүүлсэн ч авдаг цалин, унадаг унаа, хангамж нь хасагдахгүй. Харин ч унаа хөсөг, утасны тариф энэ тэр хүрэлцэхгүй байна гээд нэмүүлчихдэг. УИХ-ын Дэгийн тухай хуульд ирцийн талаар хариуцлага тооцох заалт оруулна гэж парламент бүрээр ярьдаг ч даанч ажил хэрэг болох нь үгүй. Манай төрийн түшээд өөрсдөдөө хариуцлага тооцох дургүй, муухай монгол зантай. Уг нь төрийн түшээддээ заавал хариуцлага тооцох заалт Дэгд оруулаад байх шаардлагагүй л дээ, хуралдааны цагаа барьдаг байсан бол. Гэтэл хуралдаа ирж, ажлаа хийхгүй болохоор хуультай нь ярихаас өөр яах билээ. Төрийн түшээд гэж нэг сайхан цалинтай амрагчид, аялагчид байна аа.
1
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаантай. Уг нь 09.00 цагт товлогдсон. Гишүүдийн ирц бүрдээгүй л байна. Нэгдсэн хуралдаан хуралдах эсэх нь бүү мэд, товлосон хугацаанаасаа 1.30 цаг өнгөрлөө. Хүлээж л байхаас.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ