М.Зоригт Сүхбаатарт ажиллаж байна
УИХ-ын гишүүн М.Зоригт Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тэрбээр аймгийн Түвшинширээ, Уулбаян, Халзан,Баяндэлгэр, Онгон, Наран, Дарьганга, Эрдэнэцагаан суманд өөрийн ажлаа тайлагнах, ард иргэдийнхээ санал гомдлыг сонсохоор тойрогтоо ажиллаж байгаа юм. Арванхоёрдугаар сарын нэгэнд Түвшинширээ сумын Дөрвөн баг болон сумын төвийн багтай уулзалт хийжээ. Түвшинширээ сумын хувьд Үнэгэд, Өлзийт, Өгөөмөр, Дэлгэрхаан гэсэн дөрвөн багтай. Үнэгэд багийн төв нь өөрсдийн хийдтэй бөгөөд тогтмол суудаг арваад ламтай аж. Тэдний гол асуудал зуны зориулалттай баригдсан хийдээ халаалттай болгож, багийн төвөө гэрэлтэй болгох асуудлыг энэ тэргүүнд тавьсан бөгөөд үүрэн телефон буюу G.mobile-ын сүлжээтэй болмоор байна гэдэг хүсэлт тавьжээ. Эрхэм гишүүнийг Өлзийт багт ажиллахад “малчид ард иргэдийн амьдрал нэг үеэ бодоход сайхан боллоо. Манай хувьд багийн төвтэй болмоор байна” гэсэн асуудал хөндсөн байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийг УИХын гишүүн М.Зоригт сумын засаг даргад үүрэг болгосон байна. Дэлгэрхаан багийн иргэд газар нутгийн асуудлаа шийдэж өгөхийг гишүүнээс хүссэн байна. Тус баг Мөнххөөн суманд харьяалагддаг боловч тэндхийн хүмүүс энд нутагладаггүй байна. Мөн ундны усны асуудал хүндрэлтэй байгаа аж. Түвшинширээ сумын цэцэрлэг болон тамгын газрын барилгыг засварлах шаардлагатай болжээ. Засварын санхүүжилт ирэх оны улсын төсөвт тусгагдаагүй байна. Тиймээс Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөнөөсөө энэ асуудлыг шийдэх эрх нь байгааг УИХ-ын гишүүн М.Зоригт сумын иргэдэд хэлсэн байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ