
Ингэж хэлэхэд хүндхэн байдал үүсээд байна. Англи даяар төрийн албан хаагчид бүх нийтийн ажил хаялт зарлаад байгаа. Энэ нь анхны томоохон, өргөн цар хүрээ хамарсан ажил хаялт болж байгаа юм. Зохион байгуулагчдынх нь мэдээлж байгаагаар бүх нийтийн ажил хаялтад бараг 2 сая гаруй хүн хамрагдах нь ээ.
24 цагийн хугацаатай болж байгаа бүх нийтийн ажил хаялтад Английн төсвийн байгууллагын бараг бүхий л салбарынхан нэгдэхээ мэдэгджээ. Тэд улсынхаа эрх баригчдаа тэтгэврийн хуулинд шинэчлэлт хийхээр төлөвлөж байгааг эсэргүүцэж байгаа юм. Английн засгийн газар тэтгэвэрт гарах насыг одоогийн 60 нас байгааг нэмж 66 насандаа гавъяаныхаа амралтад гарч байхаар зааж, мөн тэтгэврийн санд төвлөрүүлэх хураамжийн хэмжээг нэмэгдүүлэн, тэтгэврийн мөнгө олгох системийг өөрчлөхөөр тусган хэлэлцэж байгаа юм.
Лондоны Хитроу олон улсын нисэх буудлын захиргааныхан ажилтан, албан хаагчид нь ажил хаялтад нэгдсэнээс 12 цагийн туршид зорчигч хүлээн авах болон гадна дотны нислэг саатаж болзошгүй байгааг анхааруулжээ. Тэгвэл монголчуудын хувьд арай өөр. Боловсрол, эрүүл мэнд, урлагийн салбарынхан ажил хаяж байна. Анх багш нараас эхэлсэн ажил хаялтын давалгаа цаашдаа бүхий л салбарыг хамрах шинжтэй. Төсөвт болон төрийн байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийнхэн энд тэнд хуралдан тэмцлийн замыг сонгох уу, тэвчээртэй хүлээх үү гэдгээ хэлэлцэн шийдээ гаргаж байгаа аж.
Багш нар сануулах ажилтаа аль хэдийнэ эхлүүлсэн. Сэтгэлийн хөөрөл ихтэйгээрээ урлагийнхан өчигдөр бас ажил хаялаа. Бүгд л ядуусын эгнээнд орж байгаагаа гайхан ярьж байх юм. Хатуухан хэлэхэд арай түргэдсэн болов уу гэсэн бодолтой хүмүүс олон байна. Нийгэмд ядуурал ихтэй, юмны үнэ өсч амьдрал хүндхэн байгаа гэдгийг бид ойлгож байгаа. Гэхдээ үнэхээр ядуусын эгнээнд багтдаг төрийн үйлчилгээний албан хаагч болох ТҮК-ийнхэн, төрийн үйлчилгээний доод шатны үйлчлэгч, харуул нар харин чимээгүй ажлаа хийсээр л. Тэдэнд ажил хаях тухай ярих ч эрх байхгүй гэнэ.
Мөн хувийн хэвшилд ажилладаг олон зуун мянган иргэн дулаан байранд суулгүй өдөр шөнөгүй ажиллаж байна. Чөлөөт зах зээлийн нийгэмд нэг хүн 2-3 ажил хийж байгаа гэдгийг ч төрийн албанд ажилладаг хүмүүс санахад илүүдэхгүй. Нэгэнтээ нэгэн нийтлэлд торгонд ороож тосонд умбуулсан багш, эмч нарын өмнөөс С.Ганбаатарт хоолойгоо цуцтал хашгирах хэрэг байна уу гэжээ. Хатуу боловч үнэн үг. Түүнчлэн багш нар би эрхийнхээ төлөө тэмцэж байна. Дэлхийн хөгжингүй гэгддэг Англид гэхэд бүх нийтийн ажил хаялт болоод байхад бид яагаад тэмцэж болохгүй гэж байсан. Тэгвэл тэр ажил хаялтын шалтаг, шалтгаан тэс өөр байгааг анзаарахад илүүдэхгүй. Өнөөдөр Үйлдвэрчний эвлэлийнхэн салбарынхаа сайд нартай уулзалт хийнэ.
Үүгээр зөвшилцөлд хүрч чадахгүй бол хугацаагүйгээр ажил хаяна гэж мэдэгдээд байгаа. Үнэхээр цалин хангамжаа сайжруулахыг хүсч байгаа бол тэр хэмжээгээрээ өөрсдийнхөө хөдөлмөрийн үр дүнг нэмэгдүүлсэн баймаар. Жил ирэх тусам их дээд сургуульд эсэхээр шалгалт өгч байгаа хүүхдүүдийн сурлагын чанар муудаж байгаа. Өнгөрсөн намар Кембрижийн боловсролоор сургалт явуулах сургуульд элсэх сонирхолтой хүүхдүүдээс шалгалт авахад шаардлага хангахуйцээр программ хангасан хүүхэд 50 хувьтай байсан.
Тиймээс босгыг бууруулж дахин шалгалт авсан гээд бодоход, хэлэхэд илүүдэхгүй жишээ олон. Урлагийнхан мөн доод шатны үйлчилгээнийхнээс хэдэнтээ илүү амьжиргаатай. Тэдний бүтэн жилийн хөдөлмөрийн хөлсийг ганцхан сурталчигаанд тоглоод олчихно. Кинонд тоглож санхүүгээ аваад явчих чадвартай. Тэгэхээр тэд ядуусын эгнээнд орж байна гэвэл тэднээс дор хүмүүс нь үгээгүй ядуу болж таарч байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ