24 жилийн өмнөх “Цагаан морин жил”
24 жилийн өмнө буюу1989 оны 12 дугаар сарын 10-нд Залуучуудын соёлын төвийн үүдэнд тухайн үеийн нийгмийг эсэргүүцсэн залуучууд, Монголын ардчилсан холбооны анхны цуглаан болж байжээ. 1989-1990 оны долдугаар сарын 20-ны хооронд болсон ардчилсан хувьсгалын жагсаал, цуглаан бусад үйл явдлын толь болох “Цагаан морин жил” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Төрийн түүхийн музейд нээлтээ хийлээ.
Ардчилсан хувьсгалын түүхийг дэлгэсэн энэхүү үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож “Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож байсан хүмүүс, тэдний мөрөөдлийг эдгээр гэрэл зургаас уншиж болно” гэж хэллээ. Мөн үзэсгэлэнг зохион байгуулсан гэрэл зурагчин С.Цацралт, Т.Энхболд, С.Амарсанаа нарт талархал илэрхийллээ.
2000 гаруй зургаас 150 орчмыг нь шилж энэ үзэсгэлэнд дэлгэсэн байна. Ирэх жил Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохионо. Энэ үеэр гэрэл зургийн цомог гаргахаар бэлтгэж байна. Цомогт аль болох олон уран бүтээлч, зурагчдын бүтээлийг багтаана гэж үзэсгэлэнгийн зохион байгуулагч С.Цацралт хэлсэн. Мөн Монголын ард түмний хүсэн хүлээсэн хувьсгал байсан. Тэр үеийн хэрэглэж байсан уриа лоозон одоо ч утга чанараа алдаагүй байгаа энэ зургуудаас харагдана гэсэн юм.
Эдгээр зурагт 8 сартай балчираас 80 настай буурай хүртэл ардчилсан хувьсгалын үйл хэрэгт хэрхэн оролцож байсан ийнхүү буусан юм. “Цагаан морин жил” үзэсгэлэн энэ сарын 10 хүртэл үргэлжилнэ.
Дашрамд дурдахад, Төрийн түүхийн музей даваа гаригаас бусад бүх өдөр 10.00-17.00 цагийн хооронд ажиллаж иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байгаа юм.
Д.Цэцэг
Гэрэл зургийг П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ