М.Чадраабал: Хүхрийн хүчлийг ураны салбарт ашиглах бололцоотой
Цөмийн энергийн комисс байгуулагдсаны 50, Монгол Улс олон улсын Атомын энергийн агентлагт гишүүнээр элссэний 40 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр боллоо. Эрдэм шинжилгээний бага хурлаар Цөмийн энергийн комисс байгуулагдсан цагаас хойш өнөөг хүртэлх үр дүн, алдаа оноо, амжилтыг дүгнэн хэлэлцэж, цаашид хэрэгжих зорилтуудаа хэлэлцлээ. Энэ үеэр Цөмийн энергийн газрын Цөмийн технологийн газрын дарга М.Чадраабалаас зарим зүйлийг тодрууллаа.
_

-Манай салбар ураны ашиглалт, хайгуултай холбоотой асуудалд хяналт тавьж ажилладаг. Манай улсын хэмжээнд 14 аж ахуйн нэгжийн 70 гаруй тусгай зөвшөөрөл байдаг. Үүний 69 нь хайгуулын, нэг нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл юм. Орон нутагт байгаль орчныг хамгаалах чиглэлээр тухайн орон нутгийн байцаагч нар ажилладаг. Цөмийн, цацрагийн талаасаа манай мэргэжлийн хяналтын байцаагч нар хяналт тавьдаг. Бид Цөмийн энергийн тухай, Олон улсын атомын энергийн газраас гаргасан цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой заавар зөвлөгөөг мөрдөж ажилладаг.
_
-Цацрагийн байх ёстой элемент нь ямар хэмжээтэй вэ?
-Манай улсын хэмжээнд ураны хайгуулалтын ажил явагдаж байгаа. Хайгуулалттай холбоотойгоор хүн, малд хохирол учруулах нөхцөл байхгүй. Дэлхийн аль ч улс оронд цацрагийн төвшингийн байх ёстой хэмжээ харилцан адилгүй. Энэ нь тухайн нутаг орны газарзүйн байрлал, цаг агаар, өндөр нам маш олон зүйлээс хамаардаг. Дэлхий дахинд цацрагийн байх ёстой ердийн үзүүлэлт нь 0,2 хувь гэж тогтоодог. Зарим улс оронд 0,6-1 хүртэл хувийн түвшинд байдаг. Байгалийн төвшингийн стандартаас шалтгаална.
_
-Хоёр толгойтой хурга гаргалаа, хордлоо гэж байгаа нь ураны цацрагтай холбоотой юу?
-Дэлхий дээр 16 улс уранаа олборлож байна. Манайх мэргэжлийн талаас нь судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт өгөх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага. Энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа Олон улсын атомын энергийн 156 орон гээд олон байгууллагатай хамтын ажиллагаатай. Өнөөдөр амьдрал дээр харахад мал амьтан нь үхсэн зэргээр асуудал үүсч байгаа тухайн газар орон нутгийн цацрагийн төвшин өндөр болсон зүйлгүй. Магадгүй цаг агаарын дулаарал бусад янз бүрийн хүчин зүйлээс үүссэн байхыг үгүйсгэхгүй. Юм болгоныг урантай холбох нь зохимжгүй.
_
-Ураныг олборлон ашиглаад эхлэхээр хаягдал усыг хаях зайлуулах асуудал манайд хуулийн зохицуулалтгүй байгаа гэсэн. Ураныг ашиглаад эхлэх үед хууль эрхзүйн ямар зохицуулалт шаардагдах бол?
-Манай улсад ураны олборлолт явуулж байгаа нэг ч аж ахуйн нэгж байхгүй. Одоогийн байдлаар цацраг идэвхтэй ус, хаягдал одоогоор үүсээгүй байна. Хайгуулын явцад өрөмдлөгөөс гарч байгаа шавар газрын гадаргуу дээр бага хэмжээний цацрагтай байдаг. Мэргэжлийн байгууллагын зүгээс үүнд хяналт тавьж ажилладаг. Хүн, малын эрүүл мэндэд хор хохирол учруулахаар зүйл бол байхгүй. Уран олборлоод эхлэхэд хаягдал шингэнийг хэрхэн зохицуулах, яаж хүн, мал, байгаль орчны эрүүл мэндийг сахин хамгаалах талаас стандарт, дүрэм журмыг мөрдүүлнэ. Мөрдөх журам нь Цөмийн энергийн тухай хууль, Олон улсын атомын энергийн газраас гаргасан заавартай уялдах ёстой. Манай улс одоогоор ураны олборлолт эхлээгүй байгаа. Нөгөө талаас хяналтын цогц системийг бий болгох талаас өөрийн улсын стандартыг шинэчлэх, олон улсын стандартуудыг Монголдоо нутагшуулах зохицуулалтыг хийнэ. Энэ бүх зохицуулалт бий болсны дараа ураны олборлолт эхэлнэ.
_
-Ураныг олборлоход хүхрийн хүчил шаардлагатай. Гэтэл энэ нь газрын доорх хөрсөнд сөрөг нөлөөтэй гэж ярьж байна. Мэргэжлийн хүний хувьд үүнд зөв мэдээлэл өгөхгүй юу?
-Уран олборлох гурван янзын арга байгаа. Эхнийх нь уламжлалт арга. Энэ нь бидний хэлдэг ил ба далд арга. Манай улсад уул уурхай хөгжөөд 90 гаруй жил болж байна. Энэ хугацаанд ихэвлчлэн ил аргаар олборлолт явуулж байлаа. Далд уурхай манай улсад хүчтэй хөгжөөгүй. Гэхдээ ураны олборлолт эхлэвэл далд үйлдвэрлэл эхлэх боломжтой. Газар дор уусган олборлох технологийг бид бүхэн яагаад сонирхоод байна вэ гэхээр энэ нь хэд хэдэн онцлогтой. Байгаль экологидоо нөлөөлөл багатай. Ил, далд арга шиг бэлтгэл ажил явагдахгүй. Цацрагийн аюулгүй байдал талаасаа өндөр шаардлага хангаж байгаа. Ил, далд аргаар олборлолт явуулахад газрын хөндийг их хэмжээний тоосжилт үүсдэг. Газар дор уусган олборлох технологиор явснаар шороо тоосжилт явагдахгүй, газрын хэвлий хөндөгдөхгүй, хүн, малын эрүүл мэндийг хамгаалах юм. Энэ нь байгаль орчин талаасаа чухал. Гэхдээ хөрсний усыг хэрхэн хамгаалах вэ? Цаашлаад хүн малын ундаа, булаг шандыг бохирдуулах нөхцөл үүсэх нь үү гэдэг дээр биологийн талаасаа иж бүрэн судалгаа явуулна. Зэргэлдээ байгаа хот суурин газар, мал амьтанд нөлөөлөхгүй байх бүх шаардлагыг хамгаална. Газар дор уусган олборлох аргыг элсэн ордуудад хэрэглэдэг. Дээр нь эдийн засагт маш өндөр ач холбогдолтой. Тийм учраас энэ аргыг хэрэглэх сонирхол олон улсад байдаг. Өнгөрсөн онд энэ технологиор дэлхийн уран олборлолтын 46 хувь нь явагдсан. Үлдсэн 27 хувь нь далд, 20 хувь нь ил аргаар явагдсан. Газар дор уусган олборлох арга нь байгаль орчинд ээлтэй, гэхдээ орд бүрт тохирохгүй. Байгалийн тогтцоос хамаарна.
_
-Хүхрийн хүчлийг импортоор оруулж ирсэн нь зөв үү, дотооддоо үйлдвэрлэх нь ашигтай юу?
-Энэ талын судалгааг бид хийж байна. Манай улсад Эрдэнэт, Цагаан суварга, Оюутолгой гэсэн гурван том үйлдвэр дээр зэсийн баяжмалын эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргадаг. Эндээс хүхрийн хүчил ялгарна. Хүхрийн хүчлийг дотооддоо ашиглах, тэр дундаа ураны салбарт ашиглах бололцоо байна гэж бид үзэж байгаа. Иймээс холбогдох тооцоо, судалгаа шинжилгээг сайн явуулах шаардлагатай. Жилдээ бид 40 мянган тонн хүхрийн хүчлийг ураны салбарт хэрэглэх боломжтой. Хамгийн ихээр тооцоход 400 мянган тонныг ураны салбарт хэрэглэх боломжтой.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ