Ерөнхий сайдын ажлын албаны дарга авилгалын хэрэгт холбогдлоо
Канадын цагдаагийн газраас тус улсын Ерөнхий сайд Стивен Харперын ажлын албаны даргаар ажиллаж байсан Нигель Райтийг хээл хахууль, луйврын хэрэгт буруутгаж шүүхэд шилжүүлжээ. Цагдаагийн газраас мэдээлж байгаагаар Сенатор Майк Даффийг хууль бусаар 90,000 канад долларыг “86,150 ам.доллар” улсын төсвийг луйвардахад нь Нигель Райтийг туслалцаа үзүүлсэн хэмээн буруутгажээ. Нигель Райт нь өнгөрсөн тавдугаар сард Ерөнхий сайдын ажлын албаны даргын ажлаас чөлөөлөгдсөн юм. Майк Даффийг энэ сарын эхээр Сенатын танхимаас хөөжээ. Сенатрын зарлагын зарцуулалтын журмыг зөрчин 90,000 канад долларын чек бичиж Майк Даффийд өгсөн хэрэг нь нийтэд ил болсны дараа тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм. Мөн хавтаст хэрэгт дурдсанаар “Сенатын танхимын аудитын тайланд Майк Даффийн асуудлыг нуун дарагдуулах зорилгоор Нигель Райт нь хууль тогтоогчдод нөлөө үзүүлсэн” гэжээ.
Гэхдээ Ерөнхий сайдыг энэхүү хэрэгт оролцсон, эсхүл энэ хэргийн талаар мэдэж байсан эсэхийг шууд нотлох баримт байхгүй байгаа бөгөөд Ерөнхий сайд Стивен Харпер энэхүү хууль бус санхүүжилттэй холбоотой юу ч мэдээгүй байснаа илэрхийлсэн юм. Гэвч сөрөг хүчний тэргүүн Том Мулкайр хэлэхдээ “Ерөнхий сайд үүнийг мэдэхгүй байсан гэдэг нь хэр үнэмшилтэй вэ? гэдэг бол асуулт. Миний үзэж байгаагаар энэ бол ямар ч үнэмшилгүй зүйл” гэжээ. Нигель Райт “би албан үүргийнхээ хүрээнд л шийдвэр гаргасан, миний хийсэн үйлдэл хуулийн дагуу байсан гэдэгт би итгэлтэй байна” гэж мэдэгджээ.
Б.Сар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ