Энэтхэгийн Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сатбир Сингхийг эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцсан байна. Элчин сайд Сатбир Сингх 2010 оны тавдугаар сараас Монгол Улсад томилогдон ирж ажилласан бөгөөд өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд хоёр талын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлэн талархал илэрхийлжээ.
Элчин сайд Сатбир Сингх Энэтхэгийн тэргүүний технологийг Монголд нэвтрүүлэх, томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг дэмжин ажиллах чиглэлээр холбогдох ажлуудыг хийсэн талаараа дурджээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Энэтхэг улстай харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь цаашид ч Монгол Улсын гадаад бодлогын чухал хэсэг байх болно гэдгийг тэмдэглээд Элчин сайдад эрүүл энх, цаашдын ажилд нь амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ