Йинглак Чинаватра айлчлалаа цуцаллаа
Тайландын Ерөнхий сайд Йинглак Чинаватра ОХУ-д хийх айлчлалаа хойшлуулсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллэв. Йинглак Чинаватра Бангкок хотод болж байгаа бослого хөдөлгөөнөөс үүдэн энэ сарын 8-10-ны өдрүүдэд ОХУ-д хийхээр төлөвлөсөн төрийн айлчлалаа хойшлуулав. Тэрбээр Москва хотноо очиж, Тайланд улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн болох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байсан юм. Түүнээс гадна Тайландын Ерөнхий сайд Токиод айлчилж, Японы удирдлагуудтай уулзах уулзалтаа хойшлуулсан байна. Мөн Йинглак Чинаватра Токиод болох “АСЕАН”-ий орнуудын удирдагчидтай уулзахаар төлөвлөсөн байжээ.
Тайландад босогчид хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн хэвээр байгаа бөгөөд босогчдын толгойлогч Сутеп Таугсубан “Йинглак Чинаватрагийн Засгийн газартай тэмцэх тэмцлээ зогсоохгүй” гэж мэдэгджээ. Харин Тайландын Ерөнхий сайдын орлогч Сурапонг Товичакчаикун “Йинглак Чинаватра босогчдын толгойлогчтой дахин уулзахгүй, хамгийн эхний боломжоор Сутеп Таугсубаныг баривчилна” гэж мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ