Д.Оюунхорол Тосонцэнгэлийн ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзлаа
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол өнөөдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ИТХ-ын төлөөлөгчидтэй Төрийн ордонд уулзлаа. Тус сумын ИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн ИТХ болон зарим дүүргийн ажил байдалтай танилцаж, туршлага судалж байгаа юм. Тосонцэнгэл суманд ирэх жил төсвөөс зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх аж. ИТХ-ын дарга н.Тулга сумандаа ирэх жил төсвийн хөрөнгө оруулалтаар МСҮТ, цэцэрлэгийн барилга, гурван км хатуу хучилттай зам баригдахаар болсонд талархаж буйгаа дуулгалаа. Мөн Завхан аймгаас сонгогдсон гишүүд алслагдсан аймгуудын иргэдэд бүсийн нэмэгдэл олгох асуудлыг УИХ-д байнга тавьж, шийдвэрлүүлэхээр хөөцөлдөж байгаад иргэд ам сайтай байгааг хэлж байлаа. Зарим төлөөлөгч Тосонцэнгэл сумыг хот эсвэл тосгон болгон өргөтгөх бололцоотой эсэхийг асууж байв.
5
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол аймгийн хөгжлийн нэгдсэн концепцтэй болох шаардлагатайг хэлж, бүсийн нэмэгдлийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Бүсийн нэмэгдлийн талаар МАН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг өнөө хүртэл хэлэлцэхгүй байгаа юм. Тиймээс эрх баригч намын гишүүдтэй хамтран хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэхээр болсон байна. Бүсийн нэмэгдлийг зөвхөн төрийн албан хаагчдад зориулах хэлбэрээр бус алслагдсан аймгуудын нийт иргэдийг хамрах байдлаар хуулийн төсөл боловсруулахаар судалж байгаа аж. Алслагдсан аймагт гол нэрийн бүтээгдэхүүний болон шатахууны үнийн зөрүүг төрөөс олгох, бизнес эрхлэгчдийг зээлийн бодлогоор дэмжих, төрийн албан хаагчдын цалин хөлсөнд бүсийн нэмэгдлийг нэмж олгох гэх мэтчилэн асуудлыг цогц байдлаар шийдэх боломжтойг тэрээр ИТХ-ын төлөөлөгчдөд хэлснийг тэд дэмжиж байлаа.
6
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ