Эрийн гурван наадмын шүтээнтэй болно
“Арвагар хээр” морин спорт уяачдын холбоо, Монголын сурын холбоо зэрэг байгууллагууд хамтран "Монгол түмний Эрийн гурван наадмын мөнхийн шүтээн цогцолбор"-ыг байгуулахаар болжээ. Энэхүү цогцолборыг Өвөрхангай аймгийн Архайхээр хотын баруун урд талд орших “Морины их шүтээн”-ий дэргэд барихаар төлөвлөжээ. Тодруулбал, “Морины их шүтээн”, "Сурын их шүтээн", "Бөхийн их шүтээн", “Эрийн гурван наадмын музей” гэх үндсэн дөрвөн хэсэгтэй байх аж. Харин “Морины их шүтээн” нь баригдаж дууссан. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын баруун талд байдаг ба Ардын хувьсгалаас хойш улсын их баяр наадамд дөрөв болон түүнээс олон удаа түрүүлсэн хурдан морьдын хөшөө, суваргуудаас бүтдэг билээ. Эрийн гурван наадмын их шүтээн нь 2,7 км урт, 1,6 км өргөнтэй хашаанд Монголын орны газрын зураг шиг хэлбэртэй байна. Түүний ойролцоо Монголын үндэсний баяр наадмын түүхэн музейг байгуулах юм байна.
Монгол түмний Эрийн гурван наадмын мөнхийн шүтээн цогцолбор"-ыг босгох ажил 2014 оны гуравдугаар сарын 15-наас эхлэн 2015 оны наймдугаар сар гэхэд шүтээний тодорхой хэсэг ашиглалтад орсон байхаар төлөвлөжээ. Мөн зохион байгуулагчид шүтээнийг барихад иргэдийн хандив тусламжаас гадна Төрийн дэмжлэгийг хүсч ССАЖЯ-нд төслөө хүргүүлжээ. Зохион байгуулагчид нь цаашдаа энэхүү цогцолбор түүх соёлын биет өв болоод зогсохгүй аялал жуулчлалын томоохон бүс болон хөгжинө гэж үзэж байгаа юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ