Дэлхийн худалдааны байгууллагын хурал өндөрлөлөө
Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын “Сайд нарын IX бага хурал” Индонезийн Балид энэ оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд хуралдлаа. Уг бага хуралд ДХБ-ын 159 гишүүн, 25 ажиглагч орны нийт 2000 орчим төлөөлөгч оролцжээ. Энэ удаагийн “Сайд нарын бага хурал” олон талт худалдааны тогтолцоо, Дохагийн үе шатны хэлэлцээний үйл явц, зөвшилцөлд хүрч байгаа асуудлуудад үнэлэлт, дүгнэлт өгөх, хөгжлийн гэж тодорхойлоод буй Дохагийн үе шатны хэлэлцээг амжилттай дуусгах арга замыг тодорхойлоход бодитой хувь нэмэр оруулна гэж ажиглагчид дүгнэсэн байна.
Бага хурлын үеэр Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Монгол Улсаас ДХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч, Элчин зөвлөх Г.Жаргалсайхан дэлхий нийтийн худалдаа, эдийн засгийн хөгжилд ДХБ-ын гүйцэтгэж буй үүрэг, оролцоо, олон талт хэлэлцээний үйл явцын талаар улсынхаа байр суурийг илэрхийлж, үг хэлжээ. Манай төлөөлөгчид бага хурлын үеэр болсон хөгжиж байгаа орнуудын“G-33” бүлэг, далайд гарцгүй орнуудын сайд нарын уулзалт, төлөөлөгчдийн тэргүүн нарын хуралдаанд тус тус оролцжээ. Мөн Дохагийн хэлэлцээнд сүүлийн үед гарсан өөрчлөлтүүд, цаашид хэлэлцээг хэрхэн үргэлжлүүлэх арга замын талаар байр сууриа илэрхийлж, дамжин өнгөрөх тээврийн асуудлаар тодорхой үр дүнд хүрэхийн чухлыг онцолсон байна.
Манай улс дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуйн болон үйлчилгээний салбарын худалдааны яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож байгаа бөгөөд Дохагийн үе шатны болон бусад хэлэлцээнд хөгжиж байгаа орнуудад илүү таатай нөхцөл олгох ёстой гэсэн үндсэн чиглэлийг баримталж буй аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ