Уриалга
Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй сайтууд мэргэжлийн ёс зүйг дээдлэж, редакци нь хараат бусаар үйл ажиллагаа явуулах, оюуны өмчийг хамгаалах үндсэн зарчмуудыг баримтлан ажиллах зорилгоор Тэргүүлэгч сайтуудын холбоог байгууллаа. Тус холбоонд Монгол Улсын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг, олон нийтэд түгээж байгаа мэдээ, мэдээллийнхээ төлөө үүрэг, хариуцлага хүлээх эрх зүйн чадамжтай, бие даасан редакци бүхий мэдээлийн сайтууд нэгдсэн билээ. Бие даасан редакциуд нь сэтгүүлзүйн мэргэжлийн боловсон хүчин болох сэтгүүлчид хийгээд ажилтнуудынхаа өмнө ажлын байр болон нийгмийн хамгааллын тал дээр ч үүрэг хариуцлага хүлээж ажилладаг.
_
Бид хариуцлагатай сэтгүүлзүй нь нийгмийг цэвэршүүлэн хөгжүүлдэг үндсэн зарчмыг дээдлэн оюуны өмчийн хулгайн эсрэг тэмцэж, олон нийтэд тэнцвэртэй мэдээллийг хүргэх, олон нийтийн мэдэх эрхийг хангах, “хаалтын гэрээ”-г хийхгүй байх, редакцийн хараат бус, бие даасан бодлоготой байх зорилтуудыг зарчмаа болгон ажиллах болно. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд, мэргэжил нэгтнүүддээ ч эдгээр зарчмыг хэрэгжүүлэн ажиллахыг уриалж байна.
.
Түүнчлэн, өнөөгийн нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээ мэдээллийн үнэн бодит байдал, мэдээллийн чанараараа үнэлэгдэн хандалт болон захиалагчдынхаа тоогоор эрэмблэгддэг билээ. Тиймээс тэргүүлэгч сайтуудын холбооны гишүүд “Online media Awards” зэрэг аль нэг шалгаруулалтад оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
.
Тэргүүлэгч сайтуудын холбоо
news.mn
olloo.mn
sonin.mn
shuud.mn
morningnews.mn
eagle.mn
polit.mn
mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ