Б.Болд-Эрдэнэ: МУИС-ийг “сталинч” маягаар удирдаж байна
МУИС-д бүтцийн өөрчлөлт хийх тухай асуудал нэг сар гаруйн хугацаанд яригдаж байна. Гэтэл шинэчлэл нэрийн дор хийгдэж буй энэхүү бүтцийн өөрчлөлт нь ардчиллын үнэт зарчмуудыг алдагдуулж байна гэж үзсэн багш нар “МУИС-д Ардчиллыг сэргээх” түр хороог байгуулжээ. Тэд өнөөдөр хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийсэн. Энэ үеэр МУИС-ийн Сэтгүүлзүйн тэнхмийн багш Б.Болд-Эрдэнээс тэдний байр суурийг тодрууллаа.
6
-Бүтцийн өөрчлөлт нь МУИС дээр ардчиллын үнэт зарчмыг алдагдуулж байна гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
-МУИС-ийн удирдлагууд сургуулийн дүрэм, Эрдмийн зөвлөлийн эрх ашгаас урваж өөрсдийн эрх ашгаа хэт эдлэн, санхүү эдийн засгийг нэг гарт бариулахын тулд бусармаг тогтоолын төслийг удирдах зөвлөлд оруулсан. Тэд “МУИС-ийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай” МУИС-ийн удирдах зөвлөлийн тогтоолын төсөл хэмээх баримт бичгийг гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн дэд захирал Л.Мөнх-Эрдэнэ ганцаараа, дур мэдэн ТУЗ-д танилцуулж, батлуулахаар улайрсан. Түүний энэ хариуцлагагүй үйлдлийг нь МУИС-ийн захирал А.Галбаяр бүрэлдэхүүн сургуулиудын бүх багш нартай хийсэн уулзалтын үеэр хүлээн зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл ямар ч хариуцлага тооцохгүй, хамгаалсаар байна. Энэ нь хариуцлага тооцдог тогтолцоо, чадвар дээд шатандаа ч байхгүй болсныг харуулж байгаа юм. Үүнээс бүтцийн өөрчлөлт хариуцлага, эрх үүргийн хяналтгүй хийгдэж байгааг харж болно. Үйл ажиллагааны ил тод байдлыг бүрэн алдагдуулж, бүтцийн өөрчлөлттэй холбоотой ажлын хэсгийн уулзалт хаана хэдэн цагт явагдаж байгаа, ямар шийдвэр гарч буй, давуу болон сул тал гээд юуг нь ч багш, ажилчид, оюутан мэдэхгүй бүгд хаалттай. Хоёрдугаарт сургуулийн хөдөлгөгч хүч болох багш, оюутан, ажилчдын оролцоог үл ойшоож, бидний дуу хоолойг сонсохгүйгээр МУИС-ийг ардчилалгүй болгож байна. Эрдмийн зөвлөл бол бүх сургуулийн төлөөлөл болох 81 гишүүнтэй бидний хувьд парламент. Гэтэл А.Галбаярын бүгдийг өөртөө төвлөрүүлэх гэсэн увайгүй үйлдэл, хийсэн алдаагаа засах байтал бидэнд тулгаж буйд тууштай хариулт өгөхийн тулд түр хороо байгуулж байгаа юм.
6
-Энэ бол хамгийн сайн шинэчлэл болно. Оюутан хүссэн багшаараа хичээл заалгаж, сонирхсон хичээлээ сонгож болно гээд яриад байгаа. Та нар энэ тал дээр ямар бодолтой байна?
-МУИС-ийн хувьд хоёр жилийн өмнөөс “SiSi” сүлжээ системээр дамжуулан оюутнууд хичээлээ, багшаа сонгож байгаа. Эдийн засгийн сургуульд бол 4-5 жилийн өмнө орсон. Бүтцийн өөрчлөлт бол зөвхөн системийн асуудал биш шүү дээ. Хөрөнгө, ажилтны нөөц анги танхимын хүрэлцээ зэрэг асуудалтай чухал холбоотой. Өнөөдөр манай оюутнуудад хамгийн их бэрхшээл учруулж байгаа зүйл бол анги танхимийн хүрэлцээний асуудал. Бид нэгдүгээрт энэ асуудлаа шийдэх ёстой. Хоёрдугаарт багш нарын материаллаг бааз, сургалтын орчныг орчныг сайжруулах хэрэгтэй. Үүний дараа сургалтын чанарын асуудал бодит утгаараа яригдана. Түүнээс биш 10 сургуулийг нэг сургууль, 14 сургуулийг дөрөв болгосноор чанартай болно гэж байхгүй. Их сургуулийн хэмжээнд 2010 оноос хойш оюутны хичээлийн төлөвлөгөөг гурван удаа өөрчилж шинэчилсэн. Засгийн газар гарах болгонд л тодорхой шаардлага тавиад ийм хичээлийг заавал үзүүл гээд шахдаг. Одоо үзэж буй 120 кредитийн 24 нь заавал үзэх, 56 мэргэжлийн, 36 нь сонгон суралцах, зургаа нь чөлөөт сонголтынх байна. Одоо хийгдэх бүтцийн өөрчлөлттэй холбоотой төлөвлөгөө төсөл байхгүй. Оюутан гуравдугаар ангиасаа мэргэжлээ сонгоно гэхэд үндсэн үзэх ёстой хичээлийг яаж тэр хүүхдэд хүргэх вэ? гэдэг нь ойлгомжгүй. Хоёр жилийн дотор матетатикч, сэтгэлзүйчийг бэлтгэх боломжгүй гэж ахмад эрдэмтэд ярьж байна. Чөлөөт сонголт гэдэг нэрээр 1-2 дугаар ангидаа дуртай хичээлээ үзнэ гэж байна. Энэ бол Харвард, Стэнфордын их сургуулийн систем. Тэнд дунд сургуулийн сургалт нь сайн болохоор ийм зүйл байдаг. Эдний яриад буй “оюутны сонголт” гэдгийн газрын зураг нь ч гараагүй, юу байх нь тодорхойгүй байгаа болохоор сайхан, хоосон яриа бүтцийн өөрлөлтийг хамгаалах гэсэн удирдлагуудын үзэл суртал болчихоод байгаа юм.
Ер нь МУИС-ийн шинэчлэл зөвхөн их сургуулийнх биш, манай улсын дээд боловсролын цаашлаад боловсролын салбарын шинэчлэл тиймээс ул суурьтай, судалгаа тооцоотой хандах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр 2002 онд батлагдсан, цөөхөн оюутан, багш нартай хувийн сургуульд байвал тохирох одоогийн мөрдөж буй хуулиар 20 мянга оюутан, 1000 гаруй багштай их сургуулийг зохицуулах боломжгүй нь харагдаж байна.
6
-Сургуулийн удирдлагаас ажилтнуудыг дарамтлаад үг хэлүүлэхгүй байдаг гэсэн яриа байсан?
-Ер нь өнгөрсөн хоёрдугаар сараас эхлээд манай сургууль дээр “Сталинч” маягийн арга барилгын ажлууд хийгдэж байна. Тав зургаан захирлыг солилоо, янз бүрийн шалтгаанаар багш нарыг хагаралдуулж байна. Ер нь их сургуулийг айдсаар удирдаж байна. Өнөөдөр биднийг юм ярих гэхээр ажил амьдралгүй болно шүү, ажилтнуудыг бол та нар чимээгүй байж бай цомхотгохгүй гээд үг хэлүүлэхгүй болгосон. Гэтэл логикоор бодоход, бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 86 тэнхимийг татан буулгаад 20 болгохоор 66 туслах ажилтанг цомхотгож л таарна. Эсвэл нэг тэнхимд хоёр туслах ажилтан суулгах гээд байгаа юм уу бүү мэд. Энэ мэт бидэнд бүх мэдээлэл хаалттай байна.
6
-Маш олон дарга нэртэй багш нар байна тэднийг цөөлнө гээд байгаа шүү дээ. Энэ тал дээр?
86 тэнхмийн эрхлэгч дарга гэж байгаа энэ бол худал. Тэнхмийн эрхлэгч гэдэг бол сард 30 мянган төгрөгийн нэмэгдэл авдаг. Илүү цаг заахыг нь хориглочихсон багш хүн. Ямар нэгэн эрх мэдэл байхгүй, хүн ажилд авдаггүй, мөнгөн дээр гарын үсэг зурдаггүй, тодорхой сургалт судалгааны шийдвэр гаргадаггүй. Зүгээр л тухайн хөтөлбөрөө хариуцсан багш нарын ахлагч нь. Сургалтын албаны эрхлэгч мөн 30 мянган төгрөг авдаг. 40 хувийн хөнгөлөлт эдэлж, 60 хувийн хичээлээ заадаг, судалгаагаа хийдэг. Үүнийг өөрчилснөөр 700-800 саяын хэмнэлт гарна гэдэг бол худлаа бид тооцоо хийхэд 120-иод сая төгрөг гарч ирж байна лээ. Яахав энэ мөнгийг хэмнэлээ гэхэд цаана нь сургалт унана. Тухайлбал, нэг мэргэжлийн оюутан хаана хандах вэ, хөтөлбөрийн үйл ажиллагаа гэдэг бол нарийн процесс үүнийг хэн хийх вэ эцсийн дүнд энэ бүх үйл ажиллагаа эзэнгүйднэ.
6
-Та нарынхаар шинэчлэлийг хэрхэн хийх ёстой вэ?
-Шинэчлэлийг ул суурьтай, хамт олныхоо санал, судалгаан дээр тулгуурлаж хийсээр байна. Хамгийн гол нь хуулиа шинэчлэх ёстой. Дээд боловсролын хууль гэж “бантан” байна. Бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтэй ч нийцэхгүй. Удирдах зөвлөлд саналаа оруулдаг тэд нь баталдаг байдал манайх шиг том сургуульд яагаад ч байж болохгүй. Заавал эрдмийн зөвлөл, хамт олны саналыг тусгах ёстой.
“МУИС-д Ардчиллыг сэргээх” түр хороо нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, БШУ-ны сайд МУИС-ийн удирдах зөвлөлд өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн “Өргөх бичиг” барих аж. Мөн энэ сарын 12-ны өдрийн 12:00 цагт МУИС-ийн нэгдүгээр байрны өмнө тайван цуглаан зохион байгуулахаар дүүрэг болон холбогдох газарт хүсэлт хүргүүлсэн тухайгаа энэ үеэр мэдэгдсэн юм.
6
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ