Ченжүүд нүүрс, түлээний үнэ нэмэгдэхгүй гэж хэллээ

Идэр есийн хүйтэн өдрүүд ид үргэлжилж байгаа энэ үед нүүрс, түлээний үнэ харьцангуй тогтвортой байна. Бөөнөөр нь авбал хар мод шуудай нь 850 төгрөг, нүүрс 1100-1200 төгрөгөөр зарагдаж байна. Түүнчлэн, Цагаан сараар мод нүүрсний үнэ нэмэгдэхгүй гэж модны ченжүүд хэллээ.
Улаанбаатар хотын баруун хэсэгт амьдарч байгаа иргэдийг нүүрс түлээгээр хангаж байдаг “Хангай “зах дээр Алагтолгойн нүүрс портер нь 130 000 төгрөг, Багануурын нүүрс 85 000, налайхын нүүрс 110 мянган төгрөгөөр зарагдаж байна. Харин Цайз зах дээр Налайхын нүүрс 130-150 мянган төгрөгөөр, Хангай зах дээр хар мод нэг куб метр нь 35 мянгаар зарагдаж байгаа бол цайз зах дээр 33-35 мянган төгрөгний хооронд хэлбэлзэж байлаа.
Шуудай модыг бөөнөөр нь авбал 850 төгрөгөөр өгнө гэж Хангай захын ченжүүд хэлж байна. Тэгэхээр Cap шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан мод нүүрсний үнэд өөрчлөлт орох нь гайгүй бололтой. Харин Хүчит шонхор зах дээр хонины ууц, үхрийн өвчүүний эрэлт хэрэгцээ ихсэж, үнэ нь тэнгэрт хадсан байна. Тухайлбал, Үхрийн өвчүү 1 кг 3800 төгрөгөөр зарагдаж байна. Хамгийн жижигдээ 40 кг татаж байгаа өвчүүг 152 мянган төгрөгөөр авах болчихоод байгаа юм.
Харин шүдлэн, хязаалан, соёолон гээд нас гүйцээгүй хонины ууц 160 -200 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа бол бүдүүн эр хонины ууц 200-260 мянган төгрөгөөр зарагдаж байна. Хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч, цас зудтай байгаа ч Монголчууд сар шинийн баяраараа өргөн дэлгэр, элбэг дэлбэг байхыг хичээдэг. Тэгэхээр сар шинийн өдрүүдэд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болоод нүүрс түлээний үнэд өөрчлөлт орохгүй байх гэдэгт иргэд найдлага тавьсаар байна.
Б.Батцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ