Н.Наранбаатар: Илүү сайхан уран бүтээлээр ард түмнийхээ оюуныг мялаана
25-хан насандаа “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалгаж байсан УДЭТ-ын ерөнхий найруулагч, МУСТА Н.Наранбаатар өнөөдөр Төрийн соёрхол хүртлээ. Төр түмнийхээ хайр хүндлэлийг хүлээн Монгол Улсын Төрийн соёрхол цол тэмдгээр энгэрээ мялаасан түүнтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
6
-Өнөөдөр та Ерөнхийлөгчөөс Төрийн шагнал хүртлээ. Энэ мөчийн сэтгэгдэлээсээ хуваалцаач?
-Энэ мөчийн сэтгэгдлийг үгээр хэлэхийн аргагүй, үзгээр бичишгүй, сэтгэл их өндөр байна. Юун түрүүнд төр засагтаа баярлаж байна. Ард түмэндээ, манай театрын тоглолтыг үзэх дуртай үзэгчиддээ туйлаас их баярлаж байна. Театрынхаа хамт олонд, уран бутээлч анд нөхөдөө, ачит багш Н.Ганхуяг, Р.Уртнасан, Ш.Даваахүү нартаа маш их баярлаж байна. Аав, ээж, хань үр хүүхэддээ их баярлаж байна. Энэ шагналыг авч байхад нэг зүйл бодогдсон. Монгол Улсын Ерөнхийлөгч маань "Ухаалаг төр" гэж ярьж байна. Бидний төрийн соёрхол хүртсэн бүтээл маань манай театрын бүтээл “Модун Шанью” гэж 2000 жилийн тэртээх төрт ёсны тухай жүжиг. Тэнд ч бас анхны төрт улс манай улсад үүсч байсан. Тэнд хамгийн анх ухаалаг төр өөрийнхөө цаг хугацаа орон зайд оршин байжээ. Хүннүчүүд бидний өвөг эцэг юм, анхных төр монголынх гэдгийг харуулахыг хүссэн. Үзэгчид ч энэ бүхнийг харсан байхаа гэж бодож байна.
6
-Шагнал авсан хүмүүс надад хариуцлага ноогдож байна, улам илүү хариуцлагатай болно гэж хэлдэг дээ?
-Мэдээж төр засгийн ийм том шагналыг хийсэнд нь өглөө гэж Ерөнхийлөгч маань хэлж байна. Мөн хийх уран бүтээлүүдэд минь өгч байна гэлээ. Энэ бүхэн мэдээж залуу хүнд урам зориг өгч байна. Ард түмнийг соён гэгээрүүлэх үүргийг урлагийнхан үүрдэг. Тийм болохоор илүү гайхалтай сайхан уран бүтээлээр ард түмнийхээ оюуныг мялаана гэдгээ амалж байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ