П.Очирбат: Хөгжил бол ардчилсан нийгмийн буян
Өнөөдөр Монголын ардчилсан холбоо байгуулагдсаны 24 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь тэргүүтэй хүмүүс ардчиллын алтан хараацайнууд нэг С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө.
6
Энэ үеэр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай цөөн хором ярилцлаа.
6
-Юуны өмнө Ардчилсан хувьсгал эхэлснийг зарлан тунхагласан өдрийн баярын мэнд хүргье. Ардчилсан хувьсгалын салхи сэвэлзсэн энэ өдрийн түүхээс та дурсаач?
-Өнөөдөр олон улсын хүний эрхийн өдөр. Анх 1989 оны энэ өдөр ардчилсан хувьсгалын гол хөдөлгөгч хүч болсон МоАХ анхны албан ёсны цуглаанаа хийж, Төр засаг, эрх баригчдад хандан улс төрийн шаардлага тавьсан юм. Тус цуглааныг одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зохион байгуулж, тэндээс монголын ардчиллын хөгжлийн анхны зам мөрийг гаргаж, эхлүүлснээс хойш 24 жилийн хугацаа өнгөрчээ. Өнөөдөр ардчилсан нийгмийг дэмжигчид 24 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Дэлхий нийт ардчилсан Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, манай улстай өргөн цар хүрээтэй хамтран ажиллаж байгаа.
6
-Тус шаардлагад юу гэж бичсэн байсан бэ?
-Миний санаж байгаагаар тус шаардлагад “Намаас төр засгийн үйл ажиллагааг шууд удирдан чиглүүлэх замаар нөлөө үзүүлэх явдлыг зогсоож, тус улсын улс төрийн амьдралыг олон намын системийн үндсэн дээр зохицуулах...” “Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тодорхойлсон хүн ард иргэдийн дархан эрхийг ....дээдлэн хүндлэх...” зэрэг ардчиллын үндсэн зарчимуудыг тусгасан байсан.
7
-МоАХ анхны цуглаанаа “Олон улсын хүний эрхийн өдөр” зохион байгуулсан нь учиртай байх. Тийм үү?
-Тэгэлгүй яахав. Тэр цуглаанд оролцогсод “Эрхзүйт төрийн төлөө”, “Ардчилал бидний зорилт”, “Хүнд суртлын аппаратыг устгая”, “Хүний эрхийг дээдэлье”, “Тусгай хангамж бол хахууль” зэрэг уриа лоозон барьсан байсныг тод санаж байна. Бас “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан, Н.Энхбаяр нар алдарт “Хонх” дуугаа дуулсан нь хожмоо Ардчилсан хувьсгалын уриа дуудлага, сүлд дуу болсон шүү дээ.
7
-Ардчиллын хамгийн том нотолгоо юу вэ?
-Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан явдал нь ардчиллын хамгийн том нотолгоо болно. Энэ нь манай улсын ардчиллыг баталгаажуулсан хамгийн том эрхзүйн баримт бичиг гэсэн үг. Одоо энэхүү Үндсэн хуулиараа Монгол Улс 24 жил замнаж явна. Та бүхэн харж байгаа байх, хөдөөгийн малчдын мал талдаа багтахаа байсан, хотод автомашин нь багтахаа больсон байна. Энэ их хөгжил бол ардчилсан нийгмийн буян.
6
-Ардчилсан нийгмийн энэ цаг үед хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйлүүд байсаар байна?
-Тиймээ. Аливаа зүйл хоёр талтай. Бид нар дэлхий дахины энэ их хөгжлөөс хоцрохгүйн тулд яарч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Япон, Америкийн хөгжлийн түвшинд хүрэх хүсэл эрмэлзлэлтэй болсон. Гэхдээ хөгжилд тодорхой хэмжээний цаг хугацаа хэрэгтэй. Наад зах нь бүтээн байгуулах их ажил бидэнд байна. Тиймээс монголын ардчиллын сайхан үргэлжлэл бол өөрийнхөө хүсч байгаа хөгжлийн тэр түвшинд хүртэл хөдөлмөрлөх хэрэгтэй байгаа.
6
-Ардчилсан нийгэм хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийг 100 хувь нээж өгч чадсан уу?
-Чадсан. Хүн хөдөлмөрлөж байж, хөгжлийг авчирна. Ардчилсан хувьсгал яллаа гээд бүх зүйл өөрөө бүтэхгүй. Харин тус хөдөлмөрийг, хөдөлмөрлөх эрхийг хүн бүрт нээж өгч чадсан гэдгээрээ онцлог юм. Тиймээс ардчилсан нийгмийнхээ сайхан эрх чөлөөнд тулгуурлаж, бүтээн байгуулалт хийх их ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй байгаа юм. Эцэст нь хэлэхэд, монголын нийт ард түмэндээ баяр хүргье.
Б.Одон
Гэрэл зургийг П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ