Хандив цуглуулах 88 өдрийн аян эхэллээ

img

Монголын эмэгтэйчүүдийн сан  “Охид, эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалъя” сэдэвт 88 өдрийн хөрөнгө босгох аяныг 2004 оноос эхлэн найм дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Энэхүү аяны хүрээнд босгосон хөрөнгийг охид эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалахад зориулж ирсэн байна.

 Хандив цуглуулах аян жил бүрийн Хүний эрхийн өдөр буюу 12 дугаар сарын 10-аас эхэлж, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон 03 дугаар сарын 08-ныг  хүртэл 88  өдөр үргэлжилдэг аж.  Энэ удаагийн 88 өдрийн аянд Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв, “Либерал  эмэгтэйчүүдийн оюуны сан”, “Хүний эрх хөгжил” төв, Хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих “Гэрэл түшиг” төв, “Эмэгтэй удирдагч сан” гэх таван байгууллага нэгдэж, хамтран хандив цуглуулахаар болжээ.

Тэд цуглуулсан хандиваараа нийслэлийн 28 дунд сургуулийн  6000 өсвөр насны охид, хөвгүүдийн бэлгийн хүчирхийллийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх аян, сургалт, хэлэлцүүлэг, “Охид,  эмэгтэйчүүдийн бэлгийн халдашгүй байдал” олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх  ярилцлага, хэлэлцүүлэг, баримтат нэвтрүүлэг бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах зэрэгт зориулах аж. Мөн олон нийтийг оролцуулсан хоёр удаагийн компанит ажил, өсвөр насны охид, хөвгүүдээс бүрдсэн үе тэнгийн сургагч нарыг бэлтгэж, хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй эмзэг бүлгийн үе тэнгийнхнийхээ ойлголтыг нэмэгдүүлэх төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ