Ирэх онд 301 төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ
Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гаригт болдог “Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлэг өчигдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд боллоо. Энэ удаагийн уулзалтаар Шилэн тендер сэдэвийн дор улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд шинээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжаа аж ахуйн нэгжийн удирдлагуудад Шинэчлэлийн Засгийн газраас танилцуулав.
Манай улс ирэх онд 1 их наяд 133 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий нийтдээ 301 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байна. Харин нийслэлд 311 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжих бөгөөд эдгээр төсөл, хөтөлбөрийг хэлэлцүүлгийн үеэр зарлалаа.
Сүүлийн жилүүдэд аливаа тендер яамдууд дээр их хэмжээгээр төвлөрч, тендерийн үр дүн, чанарын асуудал орхигдсоор ирсэн. Үүнээс болж тендер авсан байгууллагуудын дунд гэрээний үүргээ биелүүлээгүй, хугацаа хоцорсон ажлыг чанаргүй гүйцэтгэсэн, гэрээт ажлаа хаяад явсан, хийсэн ажил нь чанаргүйгээс улсын комисс ажлыг нь хүлээж аваагүй, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан зэрэг зөрчлүүд их гарсан аж. Мөн тендерийн баталгааг хуурамчаар хийсэн, урьдчилгаа төлбөрийг худлаа хийсэн зөрчил зэрэг олон зөрчил илэрсэн. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийнхээ барилгын тендерийг орон нутаг өөрсдөө зарлаж, эзэн нь болж хяналтаа тавьдаг зарчим руу орж байна. Тиймээс 2013 онд тендерүүд Худалдан авах ажиллагааны газраар шийдэгддэг болсон. Харин яамд зөвхөн өөрсдийн мэдлийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн хүрээнд тендер зарладаг болсон. Ер нь яамд тендер зарлахгүй бодлогын ажлуудаа хийх учиртай гэдгийг Ерөнхий сайд онцолсон.
Монгол Улс 73016 аж ахуйн нэгжтэй. Эдгээрийн 13628 нь 2013 онд төсвөөс зарласан 3407 удаагийн тендерт оролцсон гэнэ. 10-аас дээш тендерт оролцсон компани хоёр, 5 ба 10 хүртлэх тендерт оролцсон 10, 3 ба 5 тендерт оролцсон 6 аж ахуйн нэгж байсан аж. Замын ажил авсан зарим компани ажлаа бүрэн гүйцэтгэж чадаагүй нь давхар тендер авч, замын ажлаа дутуу орхисонтой холбоотой. Тиймээс ийм асуудалд анхаарах хэрэгтэй. Тендерт оролцсон компаниуд хариуцлагатай байж, алдаа дутагдал гаргахгүй, ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэх хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайд зөвлөсөн юм.
Хэлэлцүүлгийн үеэр төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын худалдан авах ажиллагааг мөн ингэж нээлттэй болгож өгөхийг хэлэлцүүлэгт оролцогчид санал болголоо.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ