Хөрөнгө оруулалтын ажил ил тод хийгдэнэ
Нийслэлийн удирдах ажилтны шинэ оны анхны шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ жил Улаанбаатар хот хөрөнгө оруулалтын бүхий л ажлыг ил тод нээлттэй байлгаж, хэн юу хийж байгааг иргэд мэддэг байх зарчим баримтлах болно гэдгээ хотын дарга шуурхайн эхэнд хэлсэн юм. Мөн эрх төвлөрөөд, юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй байдаг байдлыг 2011 онд хална. Ирэх сарын 15-ны дотор хөрөнгө оруулалт хариуцаж буй байгууллагын албан хаагч бүрийн өрөөнд өнөө жил хийх ажлын төлөвлөгөөг нэгтгэсэн схем байрлуулан түүний дагуу ажиллана хэмээн мэдэгдсэн.
Энэ жил нийслэлийн төсөвт суулгасан 79 тэрбум төгрөгийн ажил мөн түүнчлэн замын сангийн хөрөнгө болон Концессийн хууль батлагдахтай холбоотой хийгдэх ажлууд олон байгаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү Улаанбаатар хотын 7 дүүрэгт усан бассейн болон мөсөн гулгуурын талбай байгуулах, Нийслэлийн онцгой байдлын газарт техник, тоног төхөөрөмж авах, Улаанбаатар чуулгын тайзны засал хийх гэх мэтчилэн 17 ажилд эхний ээлжинд эрх шилжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын Захирамж гарсныг танилцууллаа.
Шуурхай зөвлөгөөнд нийслэлийн статистикийн газрын дарга Ч.Баянчимэг нийслэл хотын эдийн засаг, нийгмийн үндсэн үзүүлэлтийг танилцуулсан.
Оны эхэнд ажлынхаа сайн мууг нухацтай ярих нь зөв. Эрх шилжүүлэх нэг хэрэг харин түүнийг ажил болгох хариуцлага илүү чанга ,хяналт сайн байх ёстой шүү.Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард эрх нь шилжсэн ажил одоо болтол хийгдээгүй юм ч байгаа. Хотын удирдлагууд та бид л бүх ажлыг удирдан зохион байгуулж хийнэ.Тиймээс эхлээд гадуур сайн яв. Хүмүүсийн амьдрал ямар байна,юу хүсч,юу үгүйлж байна. Иргэдтэй ярилц, мэдээлэл олж ав, тэгээд ажлаа хий хэмээн хотын мээр Г.Мөнхбаяр шуурхайн төгсгөлд хэлжээ.
Н.Цэндээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ