Амь насаа алдсан цагдаа нарын дурсгалыг хүндэтгэнэ
Цагдаагийн байгууллагын түүхэнд албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан 56 албан хаагч байдаг аж. Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд эдгээр албан хаагчийн дургалыг хүндэтгэх “Бид мартахгүй” өдөрлөгийг зохион байгуулдаг. Харин энэ удаа 12 дугаар сарын 13-ны өдрийн 15.00 цагт “Цагдаа-олон нийтийн сургалт, соёлын төв” буюу БЗД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн байранд хийхээр болжээ.
Энэхүү үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагын удирдлага, үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн төлөөлөл, хамт ажиллаж байсан алба хаагчид, ахмадууд оролцох юм байна. Мөн энэ үеэр амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийн төлөөллийг хүлээн авч, цагдаагийн Сүлд чуулгын уран бүтээлчдийн тоглолтоос сонирхуулах аж.
Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан цагдаагийн алба хаагчийн ар гэрт ажилласан жилээс нь хамааран 5-10 сая төгрөгийн тэтгэмж олгодог. Харин Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Уг хуулинд “албан үүргээ гүйцэтгэж яваа алба хаагчдад үзүүлэх нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлж, үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд тухайн алба хаагчийн гэр бүлийн нэг гишүүнд түүний сүүлд авч байсан нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 10 жилийн туршид сар тутам олгоно” гэж хуульчилсан.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ