Д.Батмөнх: Банкны салбарын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
Банкны салбарын өнөөгийн байдлын талаар Монголбанкны хяналт шалгалтын хэлтсийн захирал Д.Батмөнхтэй ярилцлаа.
Банкны салбарын байдал ямар байна вэ? 2013 онд банкуудын дүрмийн санг нэмэгдүүлсэн нь салбарын эрсдэл даах чадварыг сайжруулсан гэж үзэж болох уу?
Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоож 16.0 тэрбум төгрөгт хүргэсэн. Мөн системийн нөлөө бүхий банкуудын өөрийн хөрөнгө эрсдэлээр жигнэсэн активын харьцааг 2 нэгж хувиар нэмэгдүүлж 14.0 хувь, нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө эрсдэлээр жигнэсэн активын харьцааг 1 нэгж хувиар нэмэгдүүлж 9.0 хувьд хүргэсэн бөгөөд 2013 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар бүх банкууд өөрийн хөрөнгийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон төлбөрийн чадварын үзүүлэлтийг ханган ажилласан байна.
8
Банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ 1.6 их наяд төгрөгт хүрч банкны системийн өөрийн хөрөнгийн шалгуур үзүүлэлт 16 хувь, нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн шалгуур үзүүлэлт 11.7 хувьтай байна. Мөн төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны доод үзүүлэлт 41.3 хувьд хүрсэн нь зохистой харьцааны доод хэмжээнээс 15.3 нэгж хувиар илүү байна. Дээрх үзүүлэлтээс харахад өнөөгийн банкуудын гэнэтийн гарах урсгал, төлбөрийн чадварын хүндрэл, хөрвөх чадварын эрсдэлийг даах чадвар сайн байгааг илэрхийлж байна. Банкны салбарын цэвэр ашиг 2013 оны 10 дугаар сарын байдлаар 231.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 64.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Ашигт ажиллагаа ийнхүү нэмэгдсэн нь банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, зохистой харьцааны үзүүлэлтүүдэд эерэгээр нөлөөлөх замаар эрсдэл даах чадварыг өсгөх давуу талтай.
6
Төв банкнаас банкны салбарт ямар ямар хөтөлбөр хэрэгжүүлэв. Хадгаламж банкыг заавал татан буулгах шаардлага байсан юм уу?
Монгол Улсын Засгийн газар, Монголбанкны хооронд 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд түлш, шатахуун, хүнсний гол нэрийн бараа, барилгын материалын үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийг холбогдох байгууллагуудтай хамтран арилжааны банкуудаар дамжуулан хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн эхлэлийн санхүүжилт болох 1.1 их наяд төгрөгийг банкуудад байршуулсан. Хөтөлбөр амжилттай хэрэгжиж 2 дахь шатны санхүүжилтийг эхлүүлэх бэлтгэл ажил хангагдаад байна. Мөн Чингис бондын менежментийн хүрээнд банкуудад тодорхой нөхцөлтэйгээр мөнгө байршуулсан. Эдгээр хөтөлбөрүүдийг банкуудаар дамжуулан хэрэгжүүлснээр банкуудын зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлсэн бөгөөд хөтөлбөрийн зээлийг олгоогүй тохиолдолд зээлийн тасалдал үүсэх нөхцөл бий болохоор байсан. Зээлийн хүртээмж буурахад зээлийн хүү өсч энэ нь эргээд бодит эдийн засаг, хөрөнгө оруулалтад их хэмжээний сөрөг үр дагавар үзүүлэхээр байв.
8
Хадгаламж банкны тухайд хувь нийлүүлэгчтэй холбоотой зээлийн өр нь чанаргүйдэж, үүнээс шалтгаалан ихээхэн хэмжээний алдагдалтай ажиллаж, өөрийн хөрөнгө алдагдсан тул Банкны тухай хуулийн дагуу 2013 оны 7 дугаар сарын сүүлээр тус банкинд албадлагын арга хэмжээг авч, банкны эрх хүлээн авагч томилсон.
7
Тус банкны хадгаламж эзэмшигч, харилцагчдын мөнгөн хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, банкны системийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс Монголбанкнаас тус банкны зарим актив, пассив хөрөнгө, Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг дахь салбар нэгжүүдийг 3200 гаруй ажилтнуудтай нь хамт Төрийн банкинд шилжүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн.
7
Монголбанкнаас тогтоосон өөрийн хөрөнгийн зохистой харьцаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг Төрийн банк өнөөдөр бүрэн ханган ажиллаж байна.
7
2014 онд банк санхүүгийн салбарын байдлыг хэрхэн харж байна вэ? Монголбанкнаас ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?
Ирэх онд Монголбанкнаас банкны салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх хүрээнд банкуудын төлбөрийн чадварыг хадгалж, үүсч болзошгүй системийн шинжтэй эрсдэлийг даах чадварыг нэмэгдүүлэх, олон улсад мөрдөгдөж байгаа хяналт шалгалтын зарчим, зохицуулалтын арга хэрэгслийг банкны салбарын үйл ажиллагааны онцлогтой уялдуулан эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтыг сайжруулах, банкны эрсдэлийг бууруулах, улмаар зээлийн хүү буурах нөхцөл бүрдүүлэх чиглэлээр олон арга хэмжээ авахаар ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ тусгасан.
7
Үүний зэрэгцээ банкны өөрийн хөрөнгийн шаардлагыг эдийн засгийн мөчлөг, үүсч болзошгүй сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн, банкны үйл ажиллагааны онцлог, эрсдэлийн түвшинтэй уялдсан арга хэмжээг шат дараатайгаар нэвтрүүлэхээр төлөвлөөд байна.
7
Монголбанкнаас арилжааны банкуудад хийж буй хяналт шалгалтын эрх зүйн орчинг сайжруулах, банкуудын гадаад валютын хэлбэлзлээс үүсч болзошгүй эрсдэлийг тогтворжуулах зорилгоор макро-зохистой бодлогын арга хэрэгслүүдийг ашиглах боломжийг судалж нэвтрүүлэх юм. Одоогоор төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг ид боловсруулж байна.
7
Ярилцсанд баярлалаа.
Н.Гоомарал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ