Замын түгжрэлийн эсрэг хамтран ажиллана

img

 

Томоохон зах худалдааны төвийн орчим замын хөдөлгөөн байнга ачаалал ихтэй байдаг төдийгүй олон нийтийг хамарсан баяр ёслолын өдрүүдэд  худалдааны төв рүү чиглэх хөдөлгөөн улам нэмэгдэж түгжрэл үүсгэдэг.  Тиймээс энэ байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс “Нарантуул”, “Өгөөмөр”, “Да хүрээ”, “Хар хорин”, “Барс”, “Бөмбөгөр”, “Хүчит шонхор” зэрэг худалдааны төвийн удирдлагуудтай уулзан, түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор  зохион байгуулалтын ямар арга хэмжээ авах боломжтой талаар санал солилцсон байна.

 

Зах худалдааны төвийн зам дагуу үүсэж байгаа замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зогсоолын тоог нэмэгдүүлэх, нийтийн тээвэр үйлчлэх боломжтой болгох,  хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, шинээр тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой гарц байгуулах зэрэг арга хэмжээ авах боломжтойг ажлын хэсгээс санал болгосон юм. Тухайлбал “Нарантуул” худалдааны төвийн зүүн хойд хэсгийн гарцыг өргөсгөх, хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулж байгаа хашаа, хашлага зэргийг чөлөөлж, гэрэлтүүлэг шинээр тавьж том оврын автобус явах боломжтой болгох, бага оврын автобусны зогсох талбайг өөрчлөх, автозогсоол дээр худалдаа эрхлэх үйл ажиллагааг журамлах, зах руу орох гарах гарцыг нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн томоохон арга хэмжээ зохион байгуулж хэрэгжүүлж чадвал хөдөлгөөний ачаалал 10-15  орчим хувиар буурах боломж байгааг Замын цагдаагийн газраас “Нарантуул” худалдааны төвийн удирдлагуудад санал болгожээ.

 

Энэ саналыг хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэдгээ “Нарантуул” худалдааны төвийн Ерөнхий менежер хэлсэн байна. Мөн “Хүчит шонхор” захын орчим үүсэж байгаа түгжрэлийг бууруулахын тулд захын дотор хашааны гол хэсэгт ачааны автомашинуудыг зогсоож мах зардаг байдлыг цэгцлэн захын нягтрал багатай хэсэгт шилжүүлж, явган зорчигч явахад аюулгүй болгох, гадна болон дотор талын зогсоолын талбайг зөвхөн үйлчлүүлэгчдэд зориулан чөлөөлөх зэрэг арга хэмжээ авах зэргээр зохион байгуулах боломжтой гэж үзсэн байна. Тиймээс маргааш Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ажлын хэсгийн дарга, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр зах худалдааны төвийн удирдлагуутай замын түгжрэлийг бууруулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурахаар болжээ.

Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

улс төрчид мундаг ухаантай:
энэ их баялгаа түүхийгээр нь гаргаж байхаар хөдөө орон нутгуудад нь утаанд зарж байгаа их мөнгөөр уул уурхайн түүхий эд, малын түүхий эд боловсруулах жижиг дунд үйлдвэрүүд бариад нэг сая төгрөгөөр цалинжуулхад л бүгд хотоос хөдөөрүү болно доо болноо хоёулаа гээл гэрээ ачаад эхнэр хүүхдээ дагуулаад л алга болох юм байгаа юм шүү дээ.улаанбаатар хот зөвхөн их хурлынхан хуралдсан цөөхөн хүн амтай, юун утаа юун түгжрэл засаг захиргааны л нэгж болж хоцрох юм шүү дээ.дэлхийд нэг хүнд ногдох газар нутгаараа 17-д, нэг хүнд ногдох байгалын баялгаараа 1-д ордог монголчуудыг ан ман-ын луйварчид ядуу хоосон байлгаж өөрснөө авдар авдраар нь цөлмөж ардыг амны халбага хоолоор санал өгөх дайны үхүүлэхгүй авч явж тоглоод байгаа юм шүү дээ.японы нэг улс төрч танай засаг ийм их баялаг газар нутагтай ард түмнийг яаж ингэж мундаг ядуу байлгаж чадаад байнаа гэж гайхаж байсан гэдэг.
2013-12-12