Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхтэй холбогдуулан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулан батлуулж, түр хугацаанд зарим харилцааг зохицуулах зайлшгүй шаардлагатай байна гэж хууль санаачлагч үзсэн байна. Тухайлбал, цагдаагийн алба хаагчдын эрх зүйн байдлыг дордуулахгүй албандаа хандах, үнэлэмжийг бууруулахгүй, сэтгэл зүйд нь нөлөөлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хуулийн дагуу 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн урьд хэрэглэж байсан цолыг хэвээр үлдээж, ёслолын хувцсан дээр зүүж хэрэглэхээр түүнчлэн хууль сахиулах үйл ажиллагааг зохицуулах, хууль тогтоомж батлагдах хүртэл хугацаанд цагдаагийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэхдээ биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэгийн асуудлыг зохицуулсан журам баталж хэрэгжүүлэхээр тусгажээ.
Мөн хуулийн төсөлд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх санхүү, ар талын албанд хамаарах алба хаагчдыг энгийн орон тоонд шилжүүлэх ажлыг зохион байгуулж, “Дотоодын цэргийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай” хуулийн төсөлтэй холбоотойгоор дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн, төсөв санхүү, дэд бүтцийг цагдаагийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд шилжүүлэх талаар тусгасан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ