Т.Батцогт: Цэцэрлэгийн барилгын явц 40-50 хувьтай байна

img

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4, 21, 28, 7 дугаар хороонд баригдах цэцэрлэгийн асуудал ямар шатанд явж байгаа талаар Хот төлөвлөлт, дэд бүтэц хариуцсан Засаг даргын орлогч Т.Батцогтоос тодрууллаа.    

-2013 онд дүүргийн хэд хэдэн хороонд цэцэрлэг барина гэж байсан Энэ ажил ямар шатанд явж байна вэ?

-Баянзүрх дүүрэгт төрийн өмчийн огт цэцэрлэггүй 4, 21, 28 гэсэн гурван хороонд 150 хүүхдийн, харин  7 дугаар хороонд 100-150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг 2014 онд ашиглалтад орох юм. 2013 онд эдгээр цэцэрлэгийг барих газрын асуудал, дулаан цахилгааны зөвшөөрөл гэх мэт асуудлыг шийдвэрлэсэн. Эдгээр цэцэрлэгүүдийг канад технологиор барьж байгаа. Тиймээс барилгын карказ угсрах ажил одоо ч гэсэн хийгдэж байна. Өнгөрсөн даваа гарагт дүүргээс томилогдсон ажлын хэсэг гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаа болон барилгын ажлын явцтай танилцаад ирсэн. Одоогийн байдлаар барилгын гүйцэтгэл 40-50 хувьтай явж байна.

-Нийт дөрвөн цэцэрлэг 2014 онд ашиглалтад орох байх аа. Угсралтын ажил 40-50 хувьтай явагдаж байна гэхлээр бүрэн гүйцэтгэл нь хэзээ вэ?

-Барилгын үйл ажиллагаа 2014 оны наймдугаар сард бүрэн дууссан байх ёстой. Тиймээс бид бүрэн барьсан, 100 хувийн гүйцэтгэлтэй цэцэрлэгүүдээ  2014 оны 8 дугаар сарын 25-нд хүлээн авна. Харин 8 дугаар сарын 25-наас хойш шинээр ашиглалтад орсон цэцэрлэгүүд  хүүхдүүдээ бүртгэж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг хэлэхэд, канад технологиор баригдаж байгаа болохоор ажлын гүйцэтгэл хурдан байдаг юм байна. Тиймээс заавал наймдугаар сарыг хүлээхгүйгээр, гүйцэтгэл нь 100 хувь хийгдчих юм бол 4-5 сард хүлээн авч, ашиглалтад оруулах боломж байгааг гүйцэтгэгч тал болон захиалагч тал болох манайх аль аль нь хүлээн зөвшөөрч ажиллаж байна. Аль болох хурдан, бас чанарын өндөр төвшинд баригдсан цэцэрлэгүүдийг ашиглалтад оруулах нь захиалагчийн ч гүйцэтгэгчийн ч зорилт юм.

 

-Дүүргийн зүгээс барилгын явцад байнга хяналт тавьж чадаж байгаа юу?

-Хүүхдийн цэцэрлэг ийн барилгад маш нарийн стандарт шаардагддаг. Мэргэжлийн байгууллагуудын зүгээс барилга барьж байгаа компанийн ашиглаж байгаа материал, ажлын гүйцэтгэл, угсралт гэх мэтээр шат шатанд нь хяналт тавьж ажиллаж байна. Мэдээж, энэ хяналт барилгын гүйцэтгэлийн дараа тавигдсаар байх болно.

-Баянзүрх дүүргийн 10 хороонд төрийн өмчийн цэцэрлэг байдаггүй гэдэг. Одоо баригдаж байгаа дөрвөөс гадна зургаан хороо цэцэрлэггүй үлдэж байна.

-Дүүргийн зүгээс дахин 2 хороонд энэ технологиор цэцэрлэг барих боломжтой гэж үзэн техник эдийн засгийн үндэслэл, зураг, төсөв, газрын асуудлыг ч бүрэн шийдвэрлэсэн байгаа. Бид Боловсролын яаманд хандаж, хөрөнгө оруулалт хүссэн. Он гараад шийдэгдэх байх гэж найдаж байна.  Бидэнд бэлэн хоёр зураг байгаа болохоор үүнийгээ ашиглачихвал цаг хугацааны хувьд маш их хэмнэлттэй. Өөрөөр хэлбэл, шинээр зураг төсөл гаргах, газрын байрлал зэрэг олон асуудлыг шийдвэрлэх зэргээр цаг хугацаа болон хөрөнгө мөнгө их шаардах асуудалгүйгээр дахин хоёр цэцэрлэг барих боломж бидэнд байна. Харин хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдчихвэл  24, 25 дугаар хорооны хүүхдүүд цэцэрлэгт болох боломж байгаа.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
dundgoviin deren sumiin tsetserlegiin barilgiig duusgaj ogooch ehieed 2 jil bolloo
2013-12-14