Дэлхийн баримтат өв “Есөн эрдэнийн ганжуур”-аа заллаа
Манай улсын түүх соёлын хосгүй үнэт дурсгал болох “Есөн эрдэнийн ганжуур” 110 боть их хөлгөн судрыг өнгөрсөн зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд БНСУ-ын Гуанжу хотод болсон Юнескогийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын зөвлөлдөх хорооны бага хурлын шийдвэрээр дэлхийн баримтат өвд бүртгэгдсэн билээ.
6
Энэ нь монгол улсын ном соёлын түүхэнд тодоор бичигдэх явдал болсон. Парис хотноо өнгөрсөн 11 дүгээр сарын 05-20-ны хооронд болсон Юнескогийн 37 дугаар Ерөнхий бага хурлын үеэр тус байгууллагын Ерөнхий захирал Ирина Бокова манай улсын Гадаад харилцааны сайд, Юнескогийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болдод “Есөн эрдэнийн Ганжуур” судрын “Олон улсын баримтат өв”-д бүртгэгдсэн гэрчилгээг албан ёсоор гардуулсан байна.
6
Харин энэхүү гэрчилгээг Гадаад харилцааны сайд Л.Болд Үндэсний номын сангийн “Үнэт ховор номын музей”-д гардуулав. Ийнхүү уг баримтат өвийг гэрчилгээтэй нь хамт тус номын санд мөнхөд хадгалуулах хүндэтгэлийн үйл ажиллагаа уртын дуу, морин хуурын түрлэгтэйгээр ёслол төгөлдөр боллоо.
7
Гадаад харилцааны сайд Л.Болд, ССАЖ-ийн дэд сайд М.Түмэнжаргал нар хэлсэн үгэндээ “Монголчууд бид зэвсгийн болон ном, соёлын эрдмээрээ дэлхийг байлдан дагуулсан ард түмэн байжээ. Энэ бүхнийг бичигдэн үлдсэн түүх, бидний энэ үед оршин үлдсэн цаглашгүй, үнэт ховор дурсгалууд батлан харуулж байна. Тиймээс ч бидний ном соёлын гайхамшигт дурсгалыг дэлхийн соёлын өвд бүртгэн авч, бүртгүүлэн баталгаажуулсаар байгаа юм. Хамгийн гол нь бидэнд байгаа, дэлхийд гайхагдсан бахархалуудыг цаашид түгээн дэлгэрүүлж, сурталчилан таниулж, хайрлан хамгаалах нь бидний үүрэг” гэдгийг онцолж байсан.
6
“Есөн эрдэнийн ганжуур”-ын талаар Үндэсний номын сангийн эрдмийн зөвлөлийн дарга, Төрийн шагналт эрдэмтэн Ш.Чоймаагаас зарим зүйлийг тодруулсан юм.
6
-“Есөн эрдэнийн ганжуур” судрын утга учир юунд оршдог юм бол. Хүмүүс ерөнхийд нь шүтээд байхаас нарийн учрыг сайн мэддэггүй шүү дээ?
-Ер нь бол “Ганжуур” гэдэг маань зарлигийн орчуулга гэсэн үг. Тэгэхээр бурхан Будда болон түүний шавь нарийн үе үеийн сургаал, номлол түүнд хамаарах бүх л гүн ухааны 1161 зохиолыг багтаасан. Тэгээд дээр нь гарчгийнхаа хамт 108 ботиор ботилсон ийм зохиол байгаа юм. Тэгэхээр 1161 зохиолыг дотор нь ангилдаг. “Гурван аймаг савын ном” гэж ерөнхийд нь ангилдаг. Бурхан багшийн буддын гүн ухаан болон түүнд хамаарах мэдлэг ухааны бүх л салбарын маш олон зүйлийн зохиолыг багтаасан ийм агуу цоморлиг. Тэгээд хамгийн гол нь энэ ганжуурыг VIII-IX зууны үед эртний Энэтхэг хэлнээс түвд хэлэнд орчуулж, XIV зууны үед Түвдийн “Нартан” гэдэг газар анх хэвлэсэн байдаг. Үүнийг нь Их Монгол улсын Юань гүрний хаан Аюурбарбад Буянт хаан одоогоор бол ивээн тэтгэж тэр үеийнхээр бол өглөгийн эзэн болгож бүтээлгэсэн. Дараа нь монгол хэлнээ Юань гүрний үеэс орчуулж эхэлсэн ба Түмэдийн Алтан хааны үе буюу XVI дугаар зууны үед ихэнхийг нь орчуулсан. Харин Лигдэн хутагт хааны үед бүр мөсөн дуусгаад болгомол хөх биндэрьяан өнгөт цаасан дээр алтаар бүтээж, түүний гурван их гайхамшигт шүтээний нэг болгож залсан. Энэ бол Монгол Ганжуурын хувьд шүү. Түүнээс хойш бичмэлээр 100 гаруй орчим жил тархаж байгаад 1720 онд Энх-Амгалан хааны зарлигаар модон бараар барлагдсан тэр нь манай улсын номын санд хадгалагдаж байгаа.
7
Харин Монголчуудын энэ есөн эрдэнээр бүтээсэн нь Түвд хэлээр байгаа Ганжуур юм. Энэхүү судар нь эртний Энэтхэгийн олон зүйлийн мэдлэг ухааны агуу их оргилын нэг бүхэл мэдлэг ухааныг багтаасан. Энэ судрыг эрт цагаас ингэж анхны түвд барыг нь бүтээхэд нь Монголын хаад тусалж дараа нь үе үеийн хаад залган орчуулаад бүр XVII зууны эхэн үед алтаар хүртэл бүтээж явсан түүхтэй. Одоо бол XIX зууны үед есөн эрдэнээр бүтээсэн Ганжуур дэлхийн хосгүй үнэт өвөөр бүртгэгдлээ. Ганжуурыг залсан газар бол Бурхан багшийн бүх сургаал номлолыг залсан, түүнд мөргөхөд бүгдэд нь мөргөлөө гэж ойлгож болно. Түүнээс гадна хүн төрөлхтний агуу их, эртний мэдлэг ухааны өв санг энд залж байна гэж ойлгож болох юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ