Залууст зориулсан архигүй клуб нээгдлээ
Оюутан сурагчид, архигүй орчинд чөлөөт цагаа өнгөрөөх хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй байх архигүй анхны клуб нээгдлээ. Нийслэл хотын төвийн бүс болох III, IV хорооллын эхэнд байрлах “Залуус-21” клубыг Шинэчлэлийн Засгийн газрын дэмжлэг, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр “Эрүүл идэвхтэй амьдралын клуб”-ын хамт олон байгуулсан аж.
б
“Архи, согтууруулах ундаагүйгээр хүмүүс нөхөрлөж, ярилцаж, бүжиглэж, амралт чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрөөж болохыг залуустаа хэлж уриалахын зэрэгцээ тийм орчинг нь бүрдүүлж өглөө гэж клубыг нээх үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн. Архигүй клубыг одоогоор 10 аймагт нээсэн бөгөөд эдгээрээр дамжуулан иргэд, залуу үеийнхэн дунд эрүүл амьдралын зөв хандлага бий болгоно гэж зохион байгуулагчид амлалаа.
ы
Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 40 хувь нь архинаас шууд хамааралтай, тэр дундаа эрчүүдийн 22 хувь нь архинд донтох эмгэгтэй байна гэж судалгаагаар тогтоожээ. Хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт 6 хувь болоход үндэсний аюулгүй байдалд аюул учирлаа гэж үздэг байна. Түүнчлэн, ДЭМБ-ын гаргасан үзүүлэлтээр нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 8 литрээс давсан улс үндэстнийг мөхлийн ирмэгт тулсан гэж тооцдог, харин манай улсын идэвхтэй хүн тутамд 50 шахам литр согтууруулах ундаа ногдож байна. Иймд хүн амын архины хэрэглээг бууруулахын тулд энэ төрлийн бүтээгдэхүүнээр үйлчлэх орчинг өөрчлөх нь чухал гэж ДЭМБ-аас манайд зөвлөсөн байдаг.
ыб
Хүн амаа архинаас холдуулахын тулд улс орнууд олон хэлбэрийн бодлого хэрэгжүүлдэг. Скандиновын орнуудад архи, согтууруулах ундааг зөвхөн төрийн өмчит компанийн дэлгүүрээр борлуулдаг бол Европын олон оронд 3,5% градусаас дээш согтууруулах ундааг хүнсний дэлгүүрт зарахыг хориглодог. Манайд энэ талаар тусгайлсан хориг байхгүйгээс хүн амын талаас илүү хувь амьдарч байгаа нийслэлд гэхэд 300-500 хүний дунд архи зардаг нэг хүнсний дэлгүүр ногдож байна. Хэт задгай энэ байдлаас шалтгаалан архидалт гэх нийгмийн өвчин Монголын ирээдүй рүү хурдтай довтолсоор байна. 2009 онд өсвөр үеийнхний дунд хийсэн судалгаагаар 14-16 настнуудын 70 хувь нь нэгээс дээш удаа согтууруулах ундаа хэрэглэсэн дүн гарсан нь үүний тод илрэл юм.
ы
Архидалттай тэмцэх нь нийгэм, эдийн засагт олон хэлбэрээр өгөөж өгнө. Зөвхөн хувь хүний амьдралаар авч үзэхэд, архинд донтсон хүн амьдралынхаа туршид 20-100 сая төгрөгийг согтууруулах ундаанд зарцуулдаг гэнэ. Архидалтаас улбаатай нийгмийн бухимдал, үзэл хандлагыг өөрчлөх ажил алхам алхмаар урагшилж байна хэмээн зохион байгуулагчид мэдэгдлээ.
ы
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ