“Их Майдар” төв хөл хөдөлгөөн ихтэй байв
Өндөр гэгээн Занабазарын урласан Майдар бурханы сэрэг дүрийг 54 метр өндөр хэмжээтэй урлаж, 108 метр өндөр суварган байгууламжийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өгөөмөрийн Зүрх уулын энгэр хэмээх газарт цогцлоон босгох “Их майдар” төсөл эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Өнгөрсөн оны долдугаар сард анхлан Майдар бурханы бойв буюу өлмийг залж, “Их Майдар” төслийг танилцуулж байсан бол сар гаруйн өмнө Майдар бурханы тэргүүнийг танилцуулах ажлыг Их эзэн Чингис хааны талбайд байрлах “Их Майдар” төслийн төвд зохион байгуулж байгаа юм. Энэхүү ажлыг “Их майдар” сан ерөнхийлөн гүйцэтгэж байгаа аж. Тус төв өчигдөр сүлд модны гэрэл асаах ёслолд ирсэн нийслэлчүүдээр дүүрэн байсан юм.
fs
Дашрамд дуулгахад, “Их Майдар” төсөл төлөвлөгөөний дагуу 2013-2014 онд багтааж байгууламжийн суурь, 2015 онд суварган байгууламжийн ган төмөр хийцийн барилга угсралт гадна тохижилтын ажлыг гүйцэтгэн 2016 онд ашиглалтад орох ажээ. Их Британийн Тони Жи энд Партнерс компанийн боловсруулсан зураг төслийн дагуу тус компанийн хяналт дор манай улсын 100 гаруй барилгын инженер техникийн ажилчин олон улсын зөвлөх инженерүүдтэй хамтран ажиллаж байгаа юм.
as
Их Майдар бурхан нь бад цэцгэн суурийн хамт нийт 54 метр өндөр, өвлийн нөхцөлд -45 хэм хүртэлх хүйтнийг даах чадвартай, 202 тонн ган төмрөөр дотор хийцийг угсран, уран цутгуурын нарийн арга технологи ашиглан бүтээх юм байна. Ингэхдээ зэс 80 хувь, цагаан тугалга есөн хувь, цинк гурван хувийн тус тус агууламж бүхий ASTMB584/C90300 стандартын, ердийн байгалийн нөхцөлд 1000-аас илүү жил хэлбэр төрхөө хэвийн хадгалах чадвартай, хүрэл болон гуулин төрлийн, зургаан мм зузаан нийт 170 тонн материалаар бүтээж байгаа юм.
edsa
Нийт 372 тонн бурханыг суварган барилгын хамтаар барилга бүтээцийн инженерийн тооцооны найман баллын газар хөдлөлт, далайн хар салхины хүчтэй тэнцэхүйц байгалийн гамшгийг давах чадвартай байхаар боловсруулжээ. Мөн энэхүү хөшөө нь Нью-Иорк хотод байрлах Эрх чөлөөний хөшөөнөөс 8 метр, Цонжин болдогт байрлах Чингисийн хөшөөнөөс 14 метрээр өндөр байх юм байна.
sa
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ