200 гаруй алба хаагчийн энгэрийг мялаав
Афганистан улс дахь “Энхийг сахиулах ажиллагаа”-нд ажиллагаанд оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн есдүгээр ээлжийн цэргийн албан хаагчдад шагнал гардуулах ёслол өнгөрсөн баасан гаригт Зэвсэгт Хүчний Жанжин штабад боллоо. Энэ үеэр тус ажиллагаанд оролцоод ирсэн цэргийн багийн ахлагч, хошууч С.Самдангэлэг, ахмад А.Батсүх нарыг “Цэргийн хүндэт медаль”-иар шагнасан байна. Мөн цэргийн багийн бүрэлдэхүүнд явсан 200 гаруй алба хаагчийг “Энхийн төлөө”, ”Афганистанд энхийн төлөө” медалиар мялаажээ.
Дээрх цэргүүд нь Афганистан улсад НАТО-гийн тэргүүлсэн “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”-ий ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэжээ. Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд цэргийн багаар үүрэг гүйцэтгээд 10 гаруй жил болсон бөгөөд олон улсын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж, энх тайвныг бэхжүүлэх орны зорилго нэгт цэрэг эрстэй мөр зэрэгцэн алба хааж байгаа юм. Монгол цэргүүд нь мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, сахилга, үүрэг гүйцэтгэх чадвараараа энхийг сахиулагчдын хүндэтгэлийг хүлээх болжээ.
Өнгөрсөн хугацаанд Монголын 9850 гаруй энхийг сахиулагч 14 оронд үүрэг гүйцэтгэжээ. Өдгөө Афганистан, Конго, АНУ зэрэг орны Төв командлалуудад 1300 гаруй энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ