Лицензийн төлбөрийг зөвхөн төгрөгөөр тооцно

img

Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн ашигт малтмалын лицензийн төлбөрийг төгрөгөөр тооцохоор болжээ. Энэ талаар Ашигт малтмалын газрын олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Өлгийсайханаас тодруулахад “Ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд ээлжит жилийн төлбөрөө ам.доллар болон төгрөгөөр тооцож тушаадаг байсан. Харин ирэх сарын 1-нээс төлбөрөө зөвхөн төгрөгөөр төлнө. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34.5-д “Энэ хуульд америк доллараар илэрхийлсэн төлбөр, зардлын тооцоо хийхдээ төлбөр хийх тухайн өдрийн Монголбанкнаас тогтоосон албан ёсны ханшийг баримтална гэсэн заалтыг үндэслэн ийм шийдвэр гарсан” гэв.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ашигт малтмалын газарт Сангийн яамнаас Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн  дагуу буюу “Улсын болон орон нутгийн төсөвт төлөх, төсвөөс санхүүжүүлэх аливаа төлбөр тооцоог зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх бөгөөд эдгээр төлбөр тооцоог гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно” гэсэн заалтыг хэрэгжүүлэх үүрэг өгсөн гэнэ. Тиймээс энэхүү хуулийг үндэслэн лицензийн төлбөрийг зөвхөн төгрөгөөр тооцохоор болсон байна.

Дашрамд дуулгахад, лицензийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас цуцалдаг юм байна. Энэ онд дээрх үндэслэлээр 198 компани эрхээ цуцлуулжээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ