Монгол улс эрчим хүчний хөгжлөөрөө 117-р байрт оржээ
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан эрчим хүчний салбарын хөгжлийн индексийн судалгаагаар манай улс 117 дугаар байрт жагсчээ. Уг жагсаалтыг аливаа улс орны эрчим хүчний салбарыг эдийн засаг, экологи, эрчим хүчний аюулгүй байдлыг үнэлэн гаргадаг аж.
Уг жагсаалтад нийт 124 орон хамрагдсан бөгөөд аливаа улс орны эдийн засгийн өсөлт болон хөгжлийн, байгаль экологид ээлтэй үйл ажиллагааны, эрчим хүчний салбарын аюулгүй байдлын индексээр нь тодорхойлж, нэг оноогоор дүгнэдэг юм байна. Харин манай улс уг жагсаалтаар 0.37 оноо авсан байна. Үүнээс, эдийн засгийн өсөлт болон хөгжлийн индекс нь 0.29, байгаль экологид ээлтэй үйл ажиллагааны индекс 0.27, эрчим хүчний салбарын аюулгүй байдал 0.58 гэсэн үзүүлэлттэй гарчээ.
Жагсаалтыг Норвеги улс 0.75 оноогоор тэргүүлсэн бол Шинэ Зеланд улс 0.73 оноогоор жагсаалтын хоёрт бичигдсэн гэнэ. Харин Франц, Швед, Швейцарь улс 0.72 оноогоор, Дани улс 0.71 оноогоор удаалжээ. Мөн АНУ 37, Япон 38, ОХУ 28, Хятад 85 дугаар байрт тус тус жагсчээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ