Албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагчдаа хүндэтгэж байна
Цагдаагийн байгууллагын түүхэнд Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам хамгаалах, иргэдийн амгалан байдлыг хангах, монгол төрийн тусгай албанд андгай тангараг өргөн хүчин зүтгэхэд амь нас, эр зориг, тэсвэр хатуужил, хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулж яваад амь насаа алдсан 56 алба хаагч байдаг.
Тэгвэл тэднийг хүндэтгэх арга хэмжээ яг одоо Цагдаа-олон нийтийн сургалт, соёлын төвд “Бид мартахгүй” нэрийн дор болж байна. Өдөрлөгт нийслэлийн цагдаагийн хүрээний байгууллага, нэгжүүдийн алба хаагчид, цагдаагийн байгууллагын удирдлага, үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчийн ар гэрийн төлөөлөл, хамт ажиллаж байсан алба хаагчид, ахмадууд оролцож байна.
Дашрамд дуулгахад, албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан цагдаагийн алба хаагчийн ар гэрт нь ажилласан жилээс нь хамааран 5-10 сая төгрөгний тэтгэмжийг Төрөөс олгодог юм байна.
Харин Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд ирэх оноос албан үүргээ гүйцэтгэж яваа алба хаагчдад үзүүлэх нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлж, үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд тухайн алба хаагчийн гэр бүлийн нэг гишүүнд түүний сүүлд авч байсан нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг 10 жилийн туршид сар тутам олгохоор болжээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ