Гурван хүний нэр дээр 32 компани байгуулжээ
Татварын ерөнхий газраас НӨАТ-ын хий бичилт хийж, 13.4 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн тохиолдлыг илрүүлжээ. Өнгөрсөн онд Улсын мөрдөн байцаах газраас энэ асуудалд хяналт шалгалтыг явуулж, санаатайгаар хуурамч НӨАТ-ын падаан бичсэн аж ахуйн нэгжүүдэд арга хэмжээ авсан юм. Гэсэн ч энэ үйлдэл Монголын бизнесийн орчинд ужгирсан асуудал болоод буйг ТЕГ-ын дарга Т.Батмагнай ярьж байв.
.
ТЕГ-аас хуурамч падааны зөрчилтэй аж ахуй нэгж, иргэдийг илрүүлэх байнгын ажиллагаатай нэгжийг энэ оны 9 дүгээр сард байгуулжээ. Уг нэгж нь хуурамч падаан борлуулж, компаниудыг татвараас бултуулж буй аж ахуйн нэгжүүдийн НӨАТ-ын падааны бичилтийг хаах, тайлагналтын эрхийг түдгэлзүүлэх үүрэгтэй аж. Өнөөдрийн байдлаар Монголд 20 мянга орчим НӨАТ-ын падаан бичих эрхтэй компани байдаг аж. Үүнээс ТЕГ-аас шалгалт явуулж, одоогоор 90 аж ахуйн нэгжийн тайлан ирүүлэх эрхийг бүрмөсөн хаажээ. Мөн дахин ийм төрлийн зөрчил гаргасан байж болзошгүй 60 аж ахуйн нэгжид шинжилгээ явуулж буйгаа ТЕГ-ын дарга мэдэгдэв. Дээрх 90 компанийн 32 нь гурав хүний нэр дээр байдаг тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, гурван хүний нэр дээрх 32 компанийг анхнаасаа хуурамч НӨАТ-ын падаан бичих зориулалтаар байгуулсан байна. Харин гурван компанийн эзэд нь Л.Эрдэнэтуяа, Л.Эрдэнэсувд, Б.Нямсүрэн гэх хүмүүс байжээ. Хамгийн сонирхолтой нь энэ хүмүүсийн байгуулсан 32 компани нэг сарын хугацаанд 10 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн хэмээн тайлагнажээ. Гэтэл ганц ч ажилчингүй, нийгмийн даатгал огт төлөөгүйн дээр эзэд нь гэр хороололд амьдардаг, амьдралын боломж доогуур болохыг татварынхан тогтоосон аж. Харин тэдний нэг дээр нэг компани байгуулахдаа 20 мянган төгрөгөөр тооцож, нийтдээ 640 мянган төгрөгийг уг гурван хүнд өгсөн болох нь тогтоогджээ. Тэд өөрийн нэр дээрх компаниуд нь хуурамч падаан бичиж, бусдад худалддаг болохыг огт мэдэхгүй гэдгээ хэлсэн байна. Бас нэгэн жишээ татахад Сүхбаатар дүүргийн “Эй-Ако” компани НӨАТ-ын хуурамч бичилт хийж байгааг тогтоход эзэн нь компани байгуулахаас өмнө нас барсан байжээ.
.
Энэ мэтчилэн хуурамч падаан бичиж, татварын өртэй компаниудад худалддаг хэсэг бүлэг хүмүүс нийгэмд хэдийн байр сууриа эзэлж, ажиллах арга замаа ч олж авсан нь харагдаж байна. Тэд ихэвчлэн амьдралын түвшин доогуур болон нас барсан, иргэний үнэмлэхээ хаясан хүмүүсийн бичиг баримтыг ашиглан компани байгуулж, НӨАТ-ын падаан бичих эрхтэй болдог байна. Хууль эрхзүйн мэдлэг иргэдэд дутмаг байгаа нь энэ төрлийн бизнес эрхлэгчдэд томоохон давуу тал болж буй юм.
.
Ирэх оноос цахим тайлангийн системд шилжинэ
.
Хуурамч падаан худалдаж авдаг аж ахуйн нэгжүүдийн тухайд ихэвчлэн барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд байгаа аж. НӨАТ-ын хуурамч падаан бичдэг зөвхөн гуравхан компанийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй шалгахад гурван жилийн дотор 832 компани уг гурван компаниар хуурамч падаан бичүүлсэн нь тогтоогджээ. Эдгээр 832 компанийн зөрчлийг арилгуулж, тайланд нь засвар хийлгэн 1.1 тэрбум төгрөгийг улсад оруулсан байна. Үүнээс 400 сая төгрөгийг улсын төсөвт бэлнээр оруулжээ. Харин 2012 оны тайланд нь 709.6 сая төгрөгийн акт тавьсан аж. Энэ төрлийн зөрчил гаргасан аж ахуйн нэгж, иргэдэд “Татварын ерөнхий хууль”-ийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхээс гадна уг үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол “Эрүүгийн хууль”-ийн дагуу шийдвэрлэдэг болохыг санууллаа. Иймд, ТЕГ-аас компаниудад хуурамч падаан бичүүлж, өөрсдийн бизнест хүндрэл учруулахгүй байхыг анхааруулсан юм.
.
Цаашдаа ТЕГ-аас энэ талаар иргэдэд анхааруулсан нэвтрүүлэг бэлтгэж гаргахын зэрэгцээ ирэх оны эхний өдрөөс 100 хувь цахим тайлангийн системд шилжихээр болжээ. Уг цахим тайлангийн системд хуурамч падаан ашигласан татвар төлөгчдийн мэдээллийг байршуулах аж. Ингэснээр аж ахуйн нэгж, иргэд ийм төрлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм байна.
.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ