Мал тооллого өнөөдөр дуусна

img

Жил бүр орон даяар явагддаг “Мал тооллого” энэ сарын 07-нд эхэлсэн. Энэхүү ажлыг Үндэсний статистикийн хорооноос жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр буюу өвлийн идэш бэлтгэж дууссаны дараагаар зохион байгуулдаг билээ.

Энэхүү ажил нь улсын хэмжээнд 10 хоногийн хугацаанд үргэлжлэх ба өнөөдрөөр дуусгавар болно. Мал, тэжээвэр амьтдын тооллогын ажиллагаа нь өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлтийг тодорхойлох болон мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бодит хэмжээг тооцож, тодорхойлох, дүн шинжилгээ хийх хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төр засгийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг дүгнэхэд шаардагдах мэдээллийг бэлтгэх үндсэн зорилготой байдаг.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 40,9 сая толгой мал тоолуулж байжээ. Одоогийн байдлаар  мал тооллогын ажилд цаг агаарын болон бусад  бэрхшээл саад тулгараагүй хэвийн үргэлжилж байгаа гэнэ. Тооллогын мэдээллийг сум, багаас онлайн систем ашиглан боловсруулж нэгтгэснээр дүн мэдээг шуурхай гаргах боломжтой болжээ. Оны эцсээр урьдчилсан дүн гарах ба ирэх оны хоёрдугаар сард нэгдсэн дүн гарна гэж Үндэсний статистикийн хорооны Макро эдийн засгийн статистикийн газрын орлогч дарга Э.Эрдэнэсан мэдээлэв.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ