Шинээр баригдах археологийн музейн эскиз зураг шалгарчээ
Өнгөрөгч сарын 12-нд ССАЖЯ-наас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Монголын үндэсний археологийн музей” байгуулах болсныг дуулгаж, тус музейн барилгын эскиз зураг шалгаруулах нээлттэй сонгон шалгаруулалт зарласан билээ.
Нэг сарын хугацаатай үргэлжилсэн энэхүү уралдаанд дотоод, гадаадын компани, хувь хүн, уран бүтээлчдээс нийт 22 бүтээл ирснээс шилдгийг нь шалгаруулжээ. Уралдааныг шударга шүүх зорилгоор ирүүлсэн бүтээлүүдийг девиз дугаарын нууцлалтай хүлээн авсан аж.
Эдгээр бүтээлээс найм нь тавигдах шаардлага, удирдамжийн болзлыг хангаагүй учир хасагджээ. Шүүгчдийн олонхийн саналаар, нэгдүгээр байрт 0001 девиз дугаартай бүтээл шалгарсан бол 000177 девиз дугаартай бүтээл хоёр, 043 девиз дугаартай бүтээл гутгаар байрт шалгарчээ.
Харин уралдаанд шалгараагүй бүтээлийг тухайн уран бүтээлч нь энэ сарын 23-ныг хүртэл эргүүлэн авч болох юм байна. Эзэн нь авалгүй үлдсэн зураг болон шалгарсан бүтээлүүдийг удахгүй олон нийтэд танилцуулж, ССАЖЯ-ны цахим хуудаст байршуулах аж.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ