Шилэн тендер гэж юу вэ
Монгол Улсын Их хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн “Ажилтай, орлоготой Монгол хүн” бүлэгт “Тендерийн будлиан, авлига, хээл хахуулыг халах зорилгоор төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг 100 хувь онлайн хэлбэрт шилжүүлж, иргэд, олон нийтийн хяналт дор ил тод явуулж, захиалагч нь шийдвэрлэдэг өнөөгийн тендерийн тогтолцоог өөрчилж гүйцэтгэгч нь шийдвэрлэдэг болгох” гэж заасан.
.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр тендер шалгаруулалтын ажлыг БНСУ-ын КОЙКА Олон улсын байгууллагын техник туслалцааны төслөөр эхний үе шатыг нэвтрүүлсэнээс хойш Худалдан авах ажиллагааны газраас 2013 онд 167 төсөл арга хэмжээг цахим хэлбэрээр зохион байгуулсан нь Монгол улсад шилэн тендер шалгаруулалтын бий болгох эхний алхмыг хийгээд байна.
:
Монгол улсын хэмжээнд 73016 бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 2013 оны байдлаар Худалдан авах ажиллагааны газрын цахим системд 487 аж ахуйн нэгж байгууллага бүртгүүлж, давхардсан тоогоор 724 аж ахуйн нэгж цахим хэлбэрээр тендер шалгаруулалтад оролцсон байна.
:
Цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, хүнд суртал, авлигыг халах шинэ тогтолцоо бол Шилэн тендер. Энэ нь тендер шалгаруулалтыг шил мэт тунгалаг, шилэн кабель шиг хурдан гэсэн утга санааг илтгэсэн ба уламжлалт тендер шалгаруулалтын алдааг засч сайжруулсан цахим тендер юм. Захиалагч байгууллага хуульд заасны дагуу үнэлгээний хороог байгуулсаны дараа үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг байгууллагын веб сайтад тухай бүр байршуулна. Мөн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын салбарын мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөллөөс гадна хувийн хэвшлийн төлөөлөл, тухайн нутаг дэвсгэрийн ИТХ-аас томилсон иргэнийг оролцуулна.
:
Уламжлалт аргаар зохион байгуулсан тендер шалгаруулалтын нээлт дээр тендерт оролцогчийн нэр, тендерийн үнэ, тендерт тусгасан үнийн хөнгөлөлт, тендерийн баталгаа ирүүлсэн эсэх зэрэг мэдээллийг зөвхөн нийтэд зарлаад тендерийн үнэлгээг үнэлгээний хороо хийдэг. Шилэн тендер шалгаруулалтын үнэлгээг хийж дууссаны дараа шалгарсан болон шалгараагүй тендерт оролцогчийн техникийн саналыг байгууллагын веб сайтад байршуулж, нийтэд ил тод мэдээлдэг болно. Тендер шалгаруулалтыг уламжлалт аргаар тухайн тендерт оролцогчид шүүх,татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт авах, банкны баталгаа авах гэж цаг хугацаа их алдаж, мөнгө их зарцуулдаг байсан бол шилэн тендерийг нэвтрүүлснээр эдгээр тодорхойлолтыг холбогдох байгууллагын мэдээллийн сангаас шууд холбогдож авах боломжтой. Мөн шилэн тендерт оролцсон байгууллага дахин тендер шалгаруулалтад саналаа ирүүлэхдээ зөвхөн тендер шалгаруулалтын нэр, үнийн санал, ажил гүйцэтгэх график, аргачлал зэрэг цөөхөн баримт бичгийг бүрдүүлж тендерийн саналаа ирүүлэх давуу талтай.
:
Худалдан авах ажиллагааг ил тод, тунгалаг болгоход төрийн байгууллагууд бүрэн цахим хэлбэрт шилжих шаардлагатай байгаагаас гадна иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоо, ойголт маш чухал байна. 2014 онд Засгийн газрын Худалдан авах ажиллагааны тогтолцоонд шинээр нэвтрүүлэх чухал зүйл нь "Ерөнхий гэрээ" буюу цахим дэлгүүр юм. Ингэснээр төрийн байгууллагуудын урсгал зардалаар санхүүжигддэг, өдөр тутмын, байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээг нэг дороос буюу цахим дэлгүүрээс нээлттэй ил тодоор худалдан авах боломж бүрдэж байна.
:
Худалдан авах ажиллагааны газраас төрийн байгууллагуудын, өдөр тутмын, байнгын хэрэгцээтэй бараа, ажил, үйлчилгээний судалгааг гарган энэхүү бараа, ажил, үйлчилгээний сонгон шалгаруулалтыг зохион байгуулан нэг болон түүнээс дээш тооны нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч, гүйцэтгэгчтэй 3 хүртэлх жилийн хугацаанд үнэ болон гэрээний бусад нөхцлийг тохиролцон ерөнхий гэрээ байгуулан Цахим дэлгүүрт байршуулах юм. Ингэснээр бусад төрийн байгууллагууд Ерөнхий гэрээ байгуулагдсан бараа, ажил, үйлчилгээг уг дэлгүүрээс шууд захиалан авах боломж бүрдэнэ.
:
А.Галт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ