Ч.Улаан: Огцруулах хуулийн үндэслэл алга

1
-Таныг огцруулах тухай хүсэлтийг өргөн бариад байгаа. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-Хоёр сайдыг огцруулах асуудлаар дөрвөн үндэслэл гаргасан байна. Хариу тайлбарыг гаргаж өгнө.
1
-Үндэслэл бүрээр нь тайлбарлахгүй юу?
-Нэгдүгээрт, энэ оны төсвийн тодотголыг 2014 оны төсвийн төсөлтэй хамтруулан танилцуулсан. Энэ нь эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт хийсэнгүй гэсэн байна. Төсвийн хуулинд Монгол Улсын төсөвт тодотгол хийх нөхцөлийг тодорхой заасан байдаг. ДНБ-ий гурван хувьтай тэнцэх хэмжээгээр улсын төсвийн алдагдал нэмэгдсэн үед Засгийн газар УИХ-д төсвийн тодотгол өргөн барина гэж заасан байгаа. 2013 оны нэг, хоёрдугаар улиралд төсөв алдагдалгүй гарсан. Тиймээс төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээгүй байлаа. Тэр үед нь төсвийн тодотголыг өргөн барих бололцоо байгаагүй. Гуравдугаар улиралд нэгдсэн төсөв нэг хувийн алдагдалтай байсан. Нэг хувийн алдагдалтай байх үед мөн л хуулийн бодлого хангагдаагүй. Засгийн газар эхний гурван улирлын явц байдал, үлдэж байгаа нэг улирлын урьдчилсан төсөөллийг харгалзан үзээд төсвийн тодотголыг хийсэн. Энэ төсөл хуулийн хугацаанд хэлэлцэн батлагдсан.
1
Хоёрдугаарт, төсвөөс гадуур санхүүжилт хийж байгааг Чингис бондтой холбон хөндсөн. Хэд хэдэн асуудал дотор нь багтсан байна. Их хэмжээний үнэт цаас гаргасан, үүнийгээ цаг хугацаа олоогүй борлуулсан, улсын төсвийн гадуур зарцуулж байна гэх зэрэг шүүмжлэл байна. 2012 онд УИХ Засгийн газарт үүрэг өгч тогтоол гаргасан. Энэ тогтоолд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор гадаадын зах зээл дээрээс 5 таван тэрбум ам.долларын эх үүсвэрийг босго гэсэн үүрэг авч байлаа. Тогтоол гарахдаа 2012-2014 оны хугацаанд хэрэгжихээр байсан. Энэ хүрээнд бид ажиллаад, 2013 оны төсөвт Чингис бондын асуудлаар тодорхой асуудал тусгасан юм. Чингис бондын жил тутам үйлчлэх зардал буюу хүүгийн төлбөр, Монгол Улсын өрийн хязгаар дотор энэ бондын өрийн хэмжээг харгалзан үзэж багтааж тогтоосон. Тиймээс бид энэ онд Чингис бондоос 1.5 тэрбум төгрөгийг гаргасан. Учир нь үүнээс дээш хэмжээгээр гаргахаар Монгол Улсын өрийн хэм хэмжээнээс давчих гээд байсан юм.
1
Гуравдугаарт, 2014 оны төсвийг боловсруулахдаа УИХ-аар батлагдаагүй үндэслэлийг барьж тооцоо хийсэн гэж үзсэн байна. Энэ нь Төсвийн хүрээний мэдэгдлийг үндэслээгүй гэсэн санаа юм. Төсөв бол хуулийн дагуу Төсвийн хүрээний мэдэгдлийг хуулийн дагуу батлана. Энэ дагуу төсвийн эрх захирагчид төсвийн хязгаар үзүүлэлтийг Сангийн яам шийдвэрлэнэ. Үүн дотор багтааж УИХ-д төсвөө өргөн барина. Хэрвээ зайлшгүй шаардлагаар зөрүүтэй тооцоологдвол Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь өргөн барина гэсэн хуулийн заалттай. Төсвийн хүрээний мэдэгдлийг баталж мөрддөг хууль Монгол Улсад мөрдөгдөөд долоон жил болж байна. Энэ хугацаанд жил бүр жишгийн дагуу явж байна. Жил бүр Төсвийн хүрээний мэдэгдэл, төсөв хоёр хамт ордог. Харилцан зохицуулалт хийгддэг. Ийм л уламжлалаараа явсан.
1
Энэ жилийн төсвийн тухайд нэг зүйлийг онцлон тэмдэглэмээр байна. Хуулиндаа Төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж төсвийг боловсруулна гэсэн заалт байгаа. Энэ жилийн улсын төсвийн зарлага баталж өгсөн төсвийн хүрээний мэдэгдлийн зарлагаас бага байгаа. Өөрөөр хэлбэл, бид хэмнэлтийн зарчим баримталж, тэвчиж болох зардлуудыг тэвчинэ, эдийн засагт байгаа хэт өсөлтийн хөөсийг арилгах гэж бодлогоо тодорхойлсон. Бодлого маань энэ хүрээн дотор багтаж байгаа.
Дөрөвдүгээрт, улсын төсвийн орлого бүрдүүлэх ажлыг оновчтой зохион байгуулж чадаагүй, 1.5 их наядаар орлого тасалдаж, тодотгол хийх зайлшгүй нөхцөл бүрдүүлсэн нь Сангийн сайдын буруу гэж үзжээ. 2013 оны төсвийн орлого юунаас болж биелэгдсэнгүй вэ гэдэг дээр бид анализ, дүгнэлт хийсэн. Энэ жил эдийн засгийн өсөлт бидний тооцож байсан хэмжээнд хүрсэнгүй. Үүнд гадаадын болон дотоодын хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Эдийн засгийн нийт өсөлтийн хэмжээ хүрэхгүй байна гэдэг бол өөрөө эргээд тэнцвэр алдагдахад нөлөөлж байгаа гол хүчин зүйл. Уул уурхайн салбарын нөлөө их өндөр байлаа. Экспортод гаргадаг хэмжээ буурсан. 30 гаруй сая тонн нүүрс экспортод гаргана гэж тооцсон боловч 70 гаруй хувийг нь хэрэгжүүлсэн. Ингээд үйлдвэрлэлийн хэмжээ ч, үнэ ч буурлаа. Импортоор орж ирж байгаа бараа таваарын хэмжээ мөн буурсан. Үүнийг дагаад импортын бүтээгдэхүүнээс авдаг орлогын төлөвлөгөө тасалдахад хүрлээ. Хамгийн гол том хүчин зүйл бол Оюутолгой. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах замаар 500 орчим тэрбум ам.долларын орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Гэтэл Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ хэлцэл өнөөдрийг хүртэл дуусаагүй байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Хэлэлцээр дуусаагүй болохоор бид гэрээнд өөрчлөлт оруулж татвар авах асуудлыг шийдээгүй. Ингээд үзэхээр нийтдээ тасалдаж байгаа орлогын 90 орчим хувь нь бидний хамааралтай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй гэдэг дээр тогтлоо. Орлого бүрдүүлдэг Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газартай холбоотой тасалдлыг сар бүр дүгнэж байгаа. Тавдугаар сараас улсын төсвийн татварын өр авлагыг барагдуулах аянг зохион байгуулж ирсэн. Энэ хэмжээгээр төсвийн орлогын тасалдлыг багасгаж байгаа ч бүрэн хэмжээнд хэрэгжүүлж чадаагүй. Хамгийн гол нь хуулиар тогтоосон шалгуур үзүүлэлтийг хангахад анхаарч ажиллалаа. Төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэхгүй байх ёстой. Энэ үзүүлэлтийг хангахын тулд бид бололцоотой бүхий л арга хэмжээг авч ажиллалаа.
1
-Самурай бондыг гаргасан гэж үнэн үү?
-Самурай бондыг гаргах асуудлыг бид судалж байгаа. Энэ асуудал гэрээ хэлэлцээ, тохироо хийх шатандаа явж байна. Ойрын үед шийдэгдэнэ.
1
-Сөрөг хүчний зүгээс тавьж байгаа огцруулах үндэслэлийг эрхзүйн талаасаа бодитой бус гэж үзэж байна уу?
-Тавьж байгаа хуулийн үндэслэлд бид нэг бүрчлэн тайлбар өгч байна. Үүнд шууд хууль зөрчсөн гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна. Ийм учраас тавигдсан асуудлын хүрээнд тайлбар өгч байна. Хуулийн үндэслэл тогтоогдохгүй байгаа учраас энэ асуудлыг шийдэхгүй. Энэ үндэслэлээр сайд нарыг огцруулах шийдвэр гарахгүй нь ээ.
1
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ