Газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд өртжээ

img

“Заган ойн тогтвортой менежментийн сайн туршлагууд” сэдэвт олон улсын хурал өчигдөр болсон. Тус хурлын үеэр мэдээлснээр Монгол Улсын “Цөлжилтийн атлас”-т манай орны нийт газар нутгийн 70 гаруй хувь нь тодорхой зэрэглэл бүхий байдлаар цөлжилтийн аюулд өртсөн.  Харин газар нутгийн 23 хувь нь эрчимтэй арга хэмжээ авах шаардлагатай гэж  бүртгэгджээ.

Заган ой нь манай орны ойн 24,8 хувийг эзэлдэг, цөлөрхөг хээрийн бүс төдийгүй цөлийн бүсийн давсархаг орчин, манхан элс, уул хоорондын хөндийд тархан ургадаг. Үүний  80 хувь нь тав, зургаан аймгийн нутаг дэвсгэрт  сийрэг байдлаар тархсан байдаг байна. Говийнхон 40 жилийн өмнөөс  120 га талбайн заган ойг түлшинд хэрэглэж тэр хэмжээгээр ойн сан устсан нь судалгааны явцад тогтоогджээ.

Тийм учраас байгалийн загийн ургалтыг дэмжих, зарим газарт заг тарих, тухайн хэсгийн бэлчээрийг хамгаалах зэргээр арга хэмжээ авах хэрэгтэй аж. Мөн цаашид загийг түлшинд хэрэглүүлэхгүй байх тухай асуудлыг хөнджээ. БОНХЯ-ны Хөрс, хамгаалал, Цөлжилттэй тэмцэх хорооны дарга Д.Баярбат “БОНХЯ 2014 оноос  заг тарьж байгаа иргэд, ААН, нөхөрлөлүүдэд санхүүгийн дэмжлэг болон арга зүйн зөвлөгөө өгч ажиллана” гэж мэдэгджээ.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ